Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав. 

Мөн Барилга, хот байгуулалтын яам тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.