Adidas компани АНУ болон Герман дахь роботоор ажилладаг үйлдвэрүүдээ зогсоохоор болжээ. Тиймээс зарим технологио энэ оны сүүлээр Ази руу нүүлгэх аж. 

Тус компаний хэвлэлийн албанаас “Атланта болон Ансбах хотуудад байрладаг “speedfactories” буюу роботоор ажиллуулдаг үйлдвэрүүдийн ажиллагаа 2020 оны 4 дүгээр сар гэхэд эцэслэн зогсох болно” хэмээн мэдэгджээ.

Спортын хувцасны гигантын хэлснээр тэдний хурдны үйлдвэрлэлийн процессыг Ази дахь хоёр ханган нийлүүлэгч ашиглах бөгөөд уг зах зээлд үйлдвэрлэл нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, уян хатан сонголт болох тухай онцолжээ. Шинэ технологиор зэвсэглэсэн Азийн ханган нийлүүлэгчид богино хугацаанд зөвхөн гүйлтийн гутал үйлдвэрлэх төдийгүй “бусад бүтээгдэхүүний ангилалд багтдаг” загваруудыг үйлдвэрлэх аж.

“Манай бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь Азид үйлдвэрлэгддэг. Хурдны үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийг ханган нийлүүлэгчдийн байрлах газар төвлөрүүлэх нь илүү чухал. Энэ нь санхүүгээс шалтгаалаагүй, зохион байгуулалтын чанартай" хэмээн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Клаудиа Ланге "CNN"-д ярьжээ.

1949 онд Германы гуталчин Ади Дасслерын үүсгэн байгуулсан Adidas компани үйлдвэрлэлээ аажмаар Европоос Ази руу шилжүүлсэн бөгөөд одоо гэрээт үйлдвэрүүдэд дор хаяж нэг сая ажилчин ажиллуулдаг гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.


 


Эх сурвалж: https://nextshark.com/