Бага насны хүүхдийг хууран мэхэлж гэрт нь ороод эд зүйлс залилсан хэргийг илрүүлсэн цагдаагийн алба хаагчид ТАЛАРХАЛ илэрхийллээ.

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч З.Баярхүү хэргийг илрүүлжээ. 

Тодруулбал,  гэрийнхээ орчим тоглож байсан бага насны хүүхдийг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн "Аавын чинь найз байна" гэж хууран гэрт нь орж, эд зүйлийг залилсан хэрэг энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Уг хэргийг гурван удаа ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Б үйлдснийг илрүүлэн, тогтоосон байна. 

Харин хүүгийн ар гэрийнхэн мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, хэргийг түргэн шуурхай илрүүлсэн цагдаагийн алба хаагчид талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс нь 2018 оны эхний 8 сарын байдлаар Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу 23 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, 25 иргэний амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах хамгаалалтын арга хэмжээг эрсдэлгүй зохион байгуулан ажиллаж байна. Тэдэнд амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлгүй хамгаалсан, туслалцаа дэмжлэг үзүүлсэн иргэд тухай бүр баярлаж талархсанаа илэрхийлэн, санал хүсэлтийн дэвтэрт бичиж үлдээдэг аж.

Өдөр бүр чимээгүй гавьяа байгуулдаг алба хаагчдадаа амжилт хүсье.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар