Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Харумафүжи Д.Бямбадорж болон түүний багш, ояката Исэгахама нар хэвлэлийн бага хурал хийж, гаргасан шийдвэрийнхээ талаар хэвлэлийнхэнд танилцууллаа.Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна.

Харумафүжи Д.Бямбадоржийн хэлсэн үг:

Дахин хэлэхэд архи уугаад агсан тавьдаг, хүн шархдуулдаг хүн би биш. Яагаад ийм хэрэг гарахад хүрсэн бэ гэж үү? Ах хүн дүү нартаа зааж зөвлөж, алдааг нь засах нь өөрийн үүрэг гэж бодож явдаг. Дүү бөхчүүдээ бэлтгэлээ маш сайн хийж, илүү өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг байсан минь ийм асуудалд хүргэлээ. Би анх 16 настайдаа анх Япон улсад ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа.

Анхны барилдаан Кюүшюүд байсан, озеки цол авсан маань ч энд, зодог тайлах башё маань ч гэсэн энд болж байна. Фүкүокагийн ард иргэддээ баярлалаа. Сүмод өнгөрүүлсэн 17 жил үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Би сүмо бөхөд хайртай.

Бүх зүрх сэтгэлээ сүмод зориулж хөгжөөн дэмжигчдээ баярлуулдаг тийм аварга байхыг хүссэн. Такайновад хэлэхэд ёс зүйтэй зөв амьдраарай. Цаашдаа улам хичээгээрэй. Сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай хэмээсэн юм.

Тэрбээр багшдаа хандан "Би 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Түүнээс хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулах гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ асуудлаас болж багшийнхаа нулимсыг үзэж, итгэлийг нь дааж чадаагүйдээ маш их харамсаж байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно.” хэмээн мэдэгджээ.