Монгол түмний хайртай дуу Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу "Аав ээж хоёр минь" дуунд зориулсан хөшөөний нээлт боллоо.

Энэхүү хөшөөг Байгалийн түүхийн музейн урд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зүүн талд байрлуулжээ. Хөшөөний нээлтийн ёслолд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцсон байна.

Дуу бүтсэн түүх

Уг дуу бүтсэн түүх сонирхолтой. Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай 1984 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онолын багшаар ажилладаг байжээ. Тэр үед гэнэт орж ирсэн аялгуугаа багш нарын өрөөнд яаран орж тэмдэглэн авсан гэдэг. Харин таарах үгтэй шүлгээ галт тэрэгний бүхээгт хэвтсэн сонингоос олжээ. Тухайн үед Б.Шарав гуай Орос руу явж таарсан бөгөөд "Утга зохиол сонин"-д хэвлэгдсэн уртаа гэгч шүлгээс хоёрхон мөрийг сугалж дуундаа шингээсэн нь Ардын уран зохиолч Т.Галсан найрагчийн бүтээл байв.

Энэ талаараа Ардын уран зохиолч Т.Галсан гуай "Энэ шүлгийн маань түүх сонин. Уг нь Ээжээс ерөөл хүсэх дуу гэдэг нэртэй шүлэг. Гэтэл Б.Шарав маань яг аяндаа таарсан 2 шүлгийг сонгон авчээ. Үлдсэн мөрөөс нь хөгжмийн зохиолч Д.Галмандах бас дуу хийсэн байдаг юм. Хайртай хайртай гэхдээ Хайчаар тоглуулаагүй аав минь... гээд дуу бий дээ. Ингэж нэг шүлэг минь 2 дуу болсон сонин түүхтэй. Хөгжмийн зохиолч, дуучин, яруу найрагч гурвын сэтгэлээ дэвсэж хийсэн бүтээл" хэмээн ярьсан байдаг.

Уг дууг хамгийн анх Буриадын Ардын жүжигчин Дугардашиев дуулжээ. Дараа нь Монголын дуурийн урлагийн хатан хаан,  Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан амьдруулж Монгол түмэндээ хүргэсэн юм.

Тэрбээр уг дууг дуулах саналыг хүлээн авсан бөгөөд тэр цагаас хойш гадаад дотоодгүй олон тайзнаа дуулж, дахиулж явсан аж. Энэ тухайгаа ярихдаа "Энэ бол жинхэнэ тултал нь бичигдсан дуу. Хамгийн анх нутагтаа дуулахад аав ээж хоёр минь нулимс асгаруулаад сонсож байж билээ" хэмээн дурсан ярьсан байдаг.

Жинхэнэ мэргэжлийн уран бүтээлчдийн л хэмжүүр болсон энэ дууг үе үеийн шилдэг уран бүтээлчид дуулсаар иржээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав саяхан "Аав, ээж хоёр минь" дуугаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалаар дуулуулах хүсэлт тавьсан сурагтай. Эцэг эхийг ачлал хайр, хүний амьдралын философийн талаар өгүүлэх энэхүү эрхэм дууд дахин нэг шинэ уран бүтээлийн амилуулснаар тун удахгүй үзэгч олондоо хүрэх нь ээ.

"Аав ээж хоёр минь" дуу

  Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч

  Эргэж олдохгүй ээж минь ээ

 Алтаар алтаар хайлавч

 Ахиад заяахгүй аав минь ээ

 Хүний дайтай явна гэж
 Хүүдээ итгээрэй ээж минь ээ
 Олондоо тустай явна гэж
 Охиноорой бахархаарай аав минь ээ