Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хуралдаантай холбоотой мэдээлэл өглөө.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

"Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлээр 6 хууль хэрэгжиж, хуулийн хүрээнд 1.5 сая иргэдэд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээг үзүүлдэг. Энэ халамж арга хэмжээг аймаг, дүүргийн халамжаар дамжуулан хүргэдэг. 

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгыг дэвшүүлсэн. 

Зургаан хуулийн дагуу үзүүлж буй 12 үйлчилгээний төрөлд 1.5 сая хүн хамрагддаг бол эдгээрээс дөрвийг нь өөрийн биеэр очихгүй цахимаар бүртгүүлэн, дансандаа мөнгөө шилжүүлж авах боломжийг бүрдүүлэн өнөөдрөөс эхлэн Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalamj.mn сайтыг нэвтрүүллээ. 

Ehalamj.mn цахим хуудсаас гадна ТҮЦ машин, Ebarimt системээр тухайн үйлчилгээг авч болох юм.