Монгол Улсын Статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.

-Саяхан таны нэг жиргээг харлаа. “Монгол эмэгтэй өдөрт дунджаар гэрийн ажилд 203 минут зарцуулдаг” гэж онцолжээ. “Хүмүүн төрөлхтний дотроос хүнд ихээр дарлагдсан, хөөрхий бидний бүсгүйчүүд” гэж гучаад оны хүүхнүүд дуулж байсан. Харин орчин үеийн монгол эмэгтэй гэж хэн бэ?

-Бид “Би монгол эмэгтэй”, “Би монгол эрэгтэй” гэсэн статистик гаргасан. Монгол эмэгтэйн дундаж өндөр нь 157 см, дунджаар 76 насалдаг, жин нь дунджаар 59 кг, таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Дунджаар 24 насандаа гэрлэж, хоёроос гурван хүүхэд төрүүлдэг. Бидний 580 мянга нь ажилтай. Дунджаар 800 мянган төгрөгийн орлоготой. 4,9 хувь нь өрх толгойлсон. Эрчүүдийг бодвол сонгуульд идэвхтэй оролцдог хүмүүс байдаг.

-Таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой гэхээр боломжийнд тооцогдох уу?

-Боловсролын хувьд манай эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол өндөр байдаг. Энэ нь монгол ахуйтай ч холбоотой. “Миний хүү голомтоо аваад явчихна, охин маань хүний гэрт очиж байгаа юм” гээд аль болох боловсролтой болгох гэж хичээдэг. Ерөнхий боловсролын сургалтад хүйсийн ялгаа нэг их ажиглагддаггүй. Их, дээд сургуулиас эхлээд том ялгаа харагддаг. 2017 оны байдлаар 100 эмэгтэй оюутанд 72 эрэгтэй оюутан ногдож байна. 2004 онд энэ тоо 62 хувь байжээ. Харин өндөр цалинтай ажлын байранд эрчүүд, эрүүл мэнд, боловсрол үйлчилгээний харьцангуй бага цалинтай ажлын байранд эмэгтэйчүүд түлхүү ажиллаж байна.

-Ийм эмэгтэйчүүд хүчирхийлэлд ч ихээр өртсөн байх юм. Саяхан та бүхэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” гээд судалгаа танилцуулсан, ноцтой сонсогдсон шүү?

-Бараг гурван эмэгтэй тутмын нэг нь буюу 31.2 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарсан. Тэдний 13 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд сүүлийн арванхоёр сарын дотор өртсөн гэжээ. Хот суурин газрын эмэгтэйчүүд дотнын хамтрагчийн хүчирхийлэлд ихээр өртөж, энэ үзүүлэлт Улаанбаатарт амьдардаг эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр буюу 62.1 хувь байна. Харин Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн 41 хувь нь хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн бол Увс аймагт энэ үзүүлэлт хамгийн бага байсан. Судалгаанд хамрагдагсдын 13 хувь гэдгийг хүн амын тоонд тархааж үзвэл сүүлийн арванхоёр сарын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 110 мянган эмэгтэй байх боломжтой гэж тооцоолсон. Харин ЦЕГ-аас гаргасан гэр бүлийн хүчирхийлэд өртсөн эмэгтэйчүүдийн тоо 1040. Цагдаад хандсан болгон гэмт хэрэг гэж бүртгэгдэхгүй. Бүртгэгдэж байгаа 1040 нь эцсийн зогсоол гэсэн үг. Амь насаа алдахаас айсан, үнэхээр салъя гэсэн, хүнд бэртэж гэмтсэн тохиолдолд л эмэгтэйчүүд цагдаад ханддаг. Энэ судалгааны онцлог нь аймаг бүрээр дүнг нь гаргасан. Аль аймагт хамгаалах байр барих, хөрөнгө мөнгийг оновчтой хуваарилах, яаж урьдчилан сэргийлэх, хэнтэй ажиллах ёстой гэдэг нь тодорхой болсон. Хүүхдүүдээ бага наснаас нь хүмүүжүүлэх ёстой. Сургуульд сэтгэл зүйч ажиллах учиртай. Энэ судалгааны бас нэг онцлог нь гэр бүлийн хүчирхийлэл хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг гаргасан. Аймхай цочимтгой, орондоо шээдэг, муу сурдаг гэх мэт нөлөөллүүд хүүхэд дээр харагддаг. Багадаа зодуулж байсан хүн насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. “Эр, эмийн дундуур илжиг бүү жороол” гэсэн үг байдаг. Хэн нэгэнд хандсан боловч хэн ч надад туслаагүй гэж хариулсан эмэгтэйчүүд 50 хувь нь байсан. Хүчирхийлэлд өртсөн хоёр хүний нэг нь ямар ч тусламж дэмжлэг авдаггүй гэсэн үг. Гэтэл АНУ, бусад өндөр хөгжилтэй орнуудад хүчирхийллийг хамгийн их мэдээлдэг хүмүүс нь хөршүүд байдаг.

-Монгол эмэгтэйчүүд өндөр боловсролтой гэж түрүүн ярьсан. Боловсролын түвшин хүчирхийлэл хоёрын хооронд уялдаа байна уу?

-Хүчирхийлэлд өртөгч болон үйлдэгчийн боловсролын түвшинг бас судалж үзсэн. Хүчирхийлэл үйлдэхэд боловсролын ялгаа байдаггүй юм байна. Хүчирхийлэлд нийгмийн статус нөлөөлдөггүй. Хүчирхийлэгч УИХ-д ч байна, Долоон буудалд ч байна. Энэ судалгааг уншиж байхад хүртэл уйлмаар санагдсан. Манай судлаачид нэг эмэгтэй хэлсэн байна лээ. “Арван жилийн өмнө та нар хаана байсан юм бэ. Арай эртхэн ирсэн бол миний амьдрал өөр байх боломжтой байсан” гэж л дээ. Хүчирхийлэлд өртөж байгаа гэдгээ ч мэдэхгүй тохиолдол байдаг. Зөвхөн эмэгтэйчүүдтэй төдийгүй эрчүүдтэй хүчирхийллийн талаар ярих нь урьдчилан сэргийлэх, хэвшмэл ойлголтоос салахад тус болдог. Бид зурагтаар ч юмуу, сошиалаар цэцэрлэгийн багш нь хүүхэд алгадаж байгааг харахдаа “Энэ багш хүүхдийг хүчирхийлсэн байна” гэдэг мөртлөө өөрөө гэртээ хүүхдээ суран бүсээр ороолгож байгаагаа хүмүүжүүлж байна гэж ойлгодог. “Би зодуулж өссөн ч муудаагүй” гэх хоцрогдсон ойлголтоос салах цаг иржээ. Хүүхдэдээ цаг гаргах ёстой юм байна. Гэртээ очоод “Би ядарч байна, цаашаа” гэж болохгүй юм байна. Хайрыг мэдрээгүй хүүхэд хайрыг түгээж чадахгүй.

-Сүүлийн үед бас Монгол амиа хорлолтоор дэлхийд гуравдугаарт жагсч гэж яригдах боллоо?

-Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 438 хүн амиа хорложээ. Цагт шилжүүлж үзвэл 20 цаг тутамд нэг хүн хорвоогоос сайн дураараа явж байна. Тэдний 85 хувь нь эрчүүд, 25-35 насныхан дийлэнх хувийг нь эзэлж байна Эрэгтэй хүүхдийн ачаалал даах чадвар охидынхоос сул юм байна. Эр хүн байж уйлж болохгүй, тэсэх ёстой гэдэг. Чи л гэр бүлээ тэжээх ёстой гээд байдаг. Энэ ойлголт орчин цагт нийцэхгүй байна. Бид хөвгүүдээ стрессээ зөв тайлж, бусадтай харьцаж сурахад нь туслах учиртай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 183 улсын мэдээллийг жагсаахад 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшнээр 2015 онд нэгдүгээрт Шри Ланка (34.6), хоёрдугаарт Гайана (30.6), гуравдугаарт Монгол Улс (28.1) эрэмбэлэгдсэн.

-Таны хэлсэн энэ тоонуудын ард хүн бий. Монголчууд хүнээ мартсан юм байна. Эдийн засгийн хөгжил, Таван толгой, Оюу толгой яриад байдаг, хүндээ хандсан бодлого орхигджээ?

-Ер нь тийм. “Ийгл”-д ярилцлага өгөх үеэр “Гол дүгнэлтээ хэлээч” гэхээр нь би “Эрчүүдээ хайрлая” гэж хэлсэн. Хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн, архичин, тамхичин нь хэн юм бэ? Яагаад эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж наслалт арван жилийн зөрүүтэй байгаа юм. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 бол эрчүүдийнх 65 байна.

-Эмэгтэйчүүдийн үнэлэгддэггүй хөдөлмөр гэж ярьдаг даа. Хүүхэд асрах, гэр цэвэрлэх гэх мэт ажлуудыг Монголын нөхцөлд үнэлэх арга зам бий юу?

-Би бол тодорхой бодлого хэрэгжиж байгаа гэж ойлгодог шүү дээ. Шинэ Засгийн газар 2016 оноос хойш гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд зориулж “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сард 50 мянган төгрөг магадгүй бага байх. Гэхдээ оргүйгээс дээр. Хүүхдийн тоогоор ажилласан жил дээр 1,5 жил нэмэгдэж тооцогддог. Тэтгэвэр арай өндөр бодогдох нөхцөл бүрдсэн юм. Би 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарлаа гэж бодъё. Одоохондоо гурван хүүхэдтэй. 20 жил улсад ажилласан ч миний тэтгэвэр 24,5 жил ажилласнаар бодогдоно гэсэн үг.

-Уг нь би статистик мэдээлэл эрж хайгаагүй ч энэ тоонууд намайг олоод ирдэг болсон. Надтай адилхан ургийн овогтой хэдэн хүн байгааг мэдлээ. Би Монгол Улсын хэд дэх иргэн гэдгээ илрүүлсэн. Амьдаа маань хэд байгааг ч тогтоолоо. ҮСХ-ны дарга залуу эмэгтэй болохоор ийм хөгжилтэй ажлууд сэддэг юм болов уу, орчин үеэ дагаад статистик мэдээлэл ингэж хувирч байна уу?

-Аль аль нь нөлөөлдөг байх. Жишээлбэл, хүнд статистикийн зузаан ном өгвөл ойлгох уу, эсвэл зураг дүрстэй инфографик харуулвал хялбар ойлгогдох уу. Зөвхөн www.1212.mn цахим хуудасны хандалтаар жишээ татахад 2016 онд 200 гаруй мянга байсан бол 2018 онд нэг сая хүрлээ. Статистикийг амьдралд ойртуулах, илүү ойлгомжтой сонирхолтой болгох талаар манай хамт олон хоёр жилийн дотор олон ажил хийсэн.

-Та Ази, Америк, Номхон далайн орнуудын статистикийн байгууллагын дарга нарыг даргалдаг болжээ. Тэдэнд яаж үнэлэгдэв?

-Америк, Ази, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг 1971 онд байгуулагдсан. Хүн амын тооллого хэрхэн явуулах, шинэ техник технологи, хэрхэн нэвтрүүлэх, хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон улс орны статистикийн байгууллагыг татан оролцуулдаг нийгэмлэг юм. Гуч дахь ерөнхийлөгчөөр нь монгол хүн сонгогдоод ажиллаж байна. Энэ бол зөвхөн А.Ариунзаяагийн гавьяа биш. Статистикийн байгууллагын үе үеийн удирдлага, ажилтнуудын идэвх зүтгэлийн үр дүн. Монгол Улс бусад улс орнууддаа гайгүй үнэлэгддэг юм шүү дээ. Мэдээллийн нээлттэй байдлаараа 180 улс орноос 24 дүгээрт ордог. Залуу хүн учраас олон улсын хурлын үеэр идэвхтэй байдаг. Гуравдугаар сард НҮБ-ын статистикийн хурал болоход, надад салбар хуралдаан удирдах завшаан тохиосон. 2020 онд Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон.

-Манай намын үед амьдрал сайжирсан гэж харуулахаар статистикийн мэдээллийг засварлах боломж байдаг уу?

-Тоо худлаа хэлдэггүй. Харин тоог худлаа тайлбарладаг. Тоог буруу ашиглах, улстөржүүлэх тохиолдол их. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог нийт ажилгүй иргэдийн тоо мэтээр тайлбарлах нь бий. Бүртгэлтэй ажилгүй иргэд чинь зөвхөн хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийг л хэлдэг. Түүнийг нь мэдсээр байж ажилгүйдэл буурлаа гэж ярьж таарахгүй. Хаа нэг газар ганцхан тоо засъя гэхэд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг шууд ялгарч харагддаг. Баригдана, харагдана шүү дээ, тэр чинь. Бүх юм хоорондоо холбоотой. Өнөөдөр би тоо заслаа гэхэд маргааш дараагийн хүн “Энэ А.Ариунзаяа тоогоо засч байжээ” гээд гарч ирнэ шүү дээ. Өвөө (П.Жасрай) тооны машиндаа тоонуудаа цохиод “За хүүхээ, энд нэг алдаа гарсан байх шиг байна. Энийг шалгаад ир дээ” гэдэг байсан.

-Дундаж цалингийн мэдээлэл хүмүүсийг бухимдуулдаг. Энэ тоог яаж гаргаж ирээд байгааг тайлбарлаач?

-Цалин сая төгрөг болсон гэнэ. Хэний цалин нэмэгдсэн юм гэдэг. Энэ чинь 725 мянган ажиллагсдын мэдээлэл байхгүй юу. Дотроо олон задардаг. Гар дээр ирж байгаа мөнгийг илэрхийлэхгүй. Татвараас өмнөх дүн байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин хоёр сая төгрөг. Худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, ой загас агнуурын салбарт ажиллагсдын цалин 511 мянган төгрөг. Ялгаатай байгаа биз. Төсөвт байгуулагын дундаж цалин 743 мянга гээд зарладаг. Гар дээр чинь 500 мянган төгрөг (бохироор яривал) ирдэг юм байна, төрийн албан хаагчаа. Дундаж цалин учраас танаас их ч цалинтай хүн байна, бага ч бий. Сардаа үүнийгээ хоёр хувааж авна. Дээр нь зээл авчихсан байдаг. Хэцүү байх нь ойлгомжтой шүү дээ. Бухимдахаас аргагүй. Улсын дундаж цалин 944 мянга. Бүх салбарыг хамарсан дундаж цалин юм.

-Таны өрөөнд орж ирэхэд Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн хөрөг нүдэнд туслаа. Та энэ хүний зээ охин. П.Жасрай гуай бас нэг цагт энэ байгууллагыг удирдаж явсан гэдэг. Дотно санагддаг уу?

-Өвөө 34 настайдаа Статистикийн газрын орлогч даргаар томилогдож ирж байсан. Москвагийн Эдийн засаг статистикийн их сургуулийг төгссөн. Өвөө маань статистикч, эмээ ч бас адилхан. Эмээ тэр хоёр нэг сургуульд сурч, танилцаж ханилсан. Ээж маань бас статистикч байлаа. Би бол социологич. Германд социологи улс төр, нийгэм судлал түүхээр мастер хамгаалсан болохоор нийгмийн асуудал ойрхон байдаг. Өнөөдөр надтай хамт ээжийн маань ангийн хоёр ч хүүхэд бас ээжийн ангийн багшийн охин ажилладаг. Намайг энэ хамт олон халуун дотно хүлээж авсан.


Эх сурвалж: Өдрийн сонин

Гэрэл зургийг:  Г.БАЗАРРАГЧАА

Сэтгүүлч: Б. ЯНЖМАА