Засгийн газраас "Эдийн засаг, эрүүл мэндээ сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулан танилцуулсан. 

Энэ хүрээнд Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулах аж.

Үүнийг "залуусыг фитнесст үнэ төлбөргүй 2 сар явуулах нь" гэсэн мэдээлэл өчигдрөөс цахимд цацагдаад буй юм.

500 тэрбум төгрөгийг ямар үйл ажиллагаанд зарцуулах, залууст чиглэсэн ямар сургалт зохион байгуулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд ХНХЯ-ны зүгээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт зохион байгуулахаар ажиллаж байна. 

Хүнсний талон авдаг 43.000 өрх, 235.000 иргэн байдаг. Энэ 43,000 өрхөөс ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа ажил хөдөлмөр эрхлэх насны залуучуудыг сургалтад хамруулна. Хөдөлмөрт бэлтгэх сургалт нь нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй.

Тус сургалт нь мэргэжил, мэргэшил олгоно гэхээс илүүтэй хандлагыг нь өөрчилж, хувь хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлд ороход бэлтгэх зорилготой. 

Эхний сургалтыг дөрөвдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ эхлээд Засгийн газарт танилцуулж, хөтөлбөр, төсвөө батлуулах ёстой. Дөрөвдүгээр сарын сургалтад эхний ээлжид туршилтын журмаар 500 хүнийг хамруулна. 2021 онд энэ хөтөлбөрт 5.000 залуучуудыг сургана. 

Манай улсад тулгамдаж буй нэг асуудал нь мэргэжлийн ажилчин ангийн дуталдалд орсон. Ажилгүй байгаа залуучуудад улс орныхоо бүтээн байгуулалтад оролцох хүсэл тэмүүллийг бий болгох, ажлын байрнуудын захиалгыг гарган өөрсдийн сонирхлын хүрээнд ажлын байранд зуучлах саналтай ажиллаж байна" хэмээлээ.