Дэлхийн эдийн засаг коронавирус хэмээх шинэ сорилттой учраад байна. Энэхүү сорилтыг давж гарахын тулд улс орнууд бизнес эрхлэгч нарынхаа төдийгүй иргэдэдээ татварын хөнгөлөлт үзүүлж, хямралын үеийг даван туулах төлөвлөгөөгөө танилцуулж эхлэв. Шуудхан тоогоор хэлэхэд ч бэрх ч дэлхийн эдийн засаг хэдийнэ “шок”-нд орсон гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Өнөөгийн нөхцөлд ямар хариу арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байсан манай улсын засгийн газраас долоон чиглэлд авч хэрэгжүүлэхээ зарлалаа. Тэр дундаа 6 сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгж, компаниудыг НДШ, ажилтнаас авдаг ХАОАТ-ыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь эдийн засаг, бизнесийн өмнө тулгарсан бэрхшээл, хямралыг туулах боломжийн хувилбар байв. Хөдөлмөрийн зах зээл, жижиг, дунд ААН-үүдийн ажлын байрыг хамгаалахад нэмэртэй шийдвэрийн ачаар иргэд анх удаа үндсэн цалингаа элдэв суутгалгүй авах юм. Жишээ нь 1 сая төгрөгийн цалинтай хүн суутгалаа төлөөд 814,833.33 төгрөг авдаг байсан бол энэ удаа бүтнээр нь авах юм. ААН-үүд мэдээж байгууллагаас төлөх НДШ-ийн 12 хувиас чөлөөгдөнө. Дээр нь нийгмийн даатгал төлж байгаа ажилтныхаа тус бүрд 200 мянган төгрөгийн урамшуулал авах юм. Мэдээж эдгээр мөнгө эдийн засгийг эрчимжүүлэхэд үүргээ гүйцэтгэнэ. Үүнээс үзэхэд хямралын үед иргэдэд,  ААН-үүдэд ч эдийн засгийн хувьд нэмэр болох шийдвэр гарчээ. 

Зарим нь ААН-ийг дэмжье гэвэл НДШ, ХАОАТ-аас үүссэн өглөгийг тэглэх хэрэгтэй гэсэн цаг үеийг далимдуулсан яриа ч сонсогдоно лээ. Бэлэнчлэх сэтгэлгээ ханхалсан энэ хүсэлт биелэх нь юу л бол. 


Засгийн газрын энэхүү шийдвэр ажил олгогчдын чухлыг онцолж, татвар төлөгчид нийгэмд ямархуу байр суурьтайг нь батжуулж, ААН-үүдийн дархлаажуулалтад нэмэр болов. Энэхүү хөнгөлөлтөд 38 мянган аж ахуй нэгж хамаарагдах тооцоо гарчээ. Гэхдээ татварын албанд и баримтаа тогтмол илгээдэг, үйл ажиллагаа нь доголдоогүй, ажилтнаа халаагүй байгууллагууд энэхүү хөнгөлөлт нээлттэй байх юм. Бүх зүйл цаг хугацаатай, өнөөдөр гэхэд Хятад улс аюулт тахлын ард гарсан гэдгээ албан ёсоор зарлачихлаа. 

ААН-үүд төрөөс хөнгөлөлт өгч буй хугацаанд татварын зохицуулалтаар боломж гаргаж буй боломжоо ашиглаж бизнесийн үйл ажиллагааны бүртгэлээ сайн хийж байж ирэх жилийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдах л чухал байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бид энэ хямралтай үед эдийн засгийн бодлого дээр урьд өмнөх шиг алдаа гаргах эрх байхгүй. Тэгэхээр долоо хэмжиж, нэг огтол гэдэг шиг нөхцөл байдлыг шинжиж, дүгнэж байж эдгээр арга хэмжээг авч байна. Энэ хугацаанд үйл ажиллагаага явуулж, татварын тайлангаа үнэн зөвөөр тайлагнасан ААН-үүдэд илүү давуу тал ирнэ” гэдгийг онцолсон.

Бүх ААН-үүдийг энэхүү шийдвэрт хамруулсангүй, хаалга барьсан ААН-үүдийг тооцсонгүй гэх гомдол нийгмийн сүлжээнд цөөнгүй харагдана лээ.  Хэрвээ энэ шийдвэрийг бүх ААН-үүдэд хамруулж, үйл ажиллагаагаа зогсоосон байгууллагуудад хөнгөлөлт чөлөөлөлт өгнө гэчихвэл компаниуд том багагүй л ашиггүй ажиллаж байна гээд хаалгаа барьчих магадлалтай. 

Хуулийн цоорхойгоор шургачдаг, санхүүгийн тайлангаа ташаа гаргадаг, татвараас зугтдаг гэдгийг 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль бэлхэн харуулсан. Тухайн үед НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж бүх зүйлс бүртгэлтэй болохоос өмнө бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, олсон орлогоо ил тод болгож, хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх шийдвэр гарсан. Энэхүү хууль батлуулснаар ДНБ-ий 150 хувь буюу 34,7 их наяд төгрөг ил болсон юм.  Монгол Улсад ийм хэмжээний далд эдийн засаг байх огт үндэслэлгүй үүний ихэнх нь гаднаас орж ирсэн бохир мөнгө гэх нь бий. Саарал жагсаалтад багтсан шалтгааны нэг ч энэ гэгддэг билээ. Гэхдээ энэ хуулийг батлаагүй бол хэдэн мянган компани татварын өртэй, бизнес нь өргөжихгүй явсаар байх магадлалтай. Бүртгэлийн системээ цэгцэлж, татварын тогтолцоогоо сайжруулж, эдийн засгаа эрүүлжүүлж байж авлигыг бууруулж, далд засгийн хөшгийг сөхдөг учраас ийм хуулийг гаргахаас ч өөр боломжийн хувилбар байсангүй.

Энэхүү хуулийн дараа мэдээлэлд суурилсан татварын бүртгэлийн шинэ систем буюу НӨАТ-ын шинэчилсэн хууль хэрэгжсэн нь өдгөө иргэн бүр татвар хураалтад хяналт тавих боломжийг бүрдүүлжээ. Тухайн үед  ААН-үүд татвараас зугтааж 2 тайлантай нэгийг нь өөрийн хар дансандаа хав дардаг, нөгөөг нь татварт тайлагнадаг байсан юм. Харин НӨАТ-ын системийн буянаар бүхий л баримт бүртгэлжиж татвар гувчуулдаг арга хэлбэр ард үлджээ.  Өнөөдөр и баримт апп-ын ачаар манай татварын бүх орлого 30  хувиас дээш нэмэгдсэн гэсэн тооцоо бий. Технологийн шинэчлэлт хийсний дүнд энэ системийн шинэчлэлт амжилттай явагдсан. Үр дүнд нь татвар төлдөггүй, НДШ тушаадаггүй, хувиараа гэх далд эдийн засгийг цэцэглүүлэгчдийн ихэнхийг хумьсан юм.2016 оны нэгдүгээр сарын 1-нд 1600 кассын машин байсан бол одоо 120 мянган кассын машин ажиллаж байна.


Тийм ч учраас дээр дурдсан шийдвэрт жилийн 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой гэж зүгээр ч нэг заагаагүй нь эндээс харагдана. Энэ бол НӨАТ төлөгч нарын дата байгаа учраас зорилтот ААН-үүд рүүгээ чиглэсэн шийдвэр гаргасан нь нүдээ олжээ.