УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Энэ талаар  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.  


Тэрбээр танилцуулгадаа, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтад үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хамрагдаж байсан. Харин Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд шинээр үнэт металл, үнэт чулуугаар арилжаа эрхлэгчдийн салбар нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 2433 хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулж байна гэв. 

Үнэт цаасны салбарт 526 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж буйгас 306 нь хувьцаат компани юм.  Даатгалын салбарт  16 компани байгаа бөгөөд бусад нь энэ салбарт оролцогчид, зуучлагчид байна.  

Банк бус санхүүгийн салбарт өнөөдрийн байдлаар 519 байгууллага, 240 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байна.  21 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Үнэт эдлэлийн салбарт шинээр 1000 гаруй хуулийн этгээд, иргэн, үл хөдлөх хөрөнгийн салбарт 120-150 хуулийн этгээд,  аж ахуй нэгжийн зохицуулалт орж ирнэ гэсэн хүлээлттэй байна.  Мөн хөрөнгийн зах зээлийн хувьд хөрөнгийн үнэлгээ  2,7 их наядад хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2  хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Үнэт цаасны салбарт 54 компани үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.

Түүнчлэн, 2019 онд хөрөнгийн зах зээл дээр шинэ үйлчилгээ бүтээгдэхүүн гарсан. “Түмэн шувуут”, “АРД” ББСБ, “Монос хүнс” болон “Инвескор” зэрэг компаниуд IPO гаргаж, олон нийтийн компани болсон. 

Мөн Хөдөө аж ахуйн биржээр нийт 6 төрлийн бүтээгдэхүүнийг 705.1 тэрбум төгрөгөөр арилжсан дүн мэдээлэл байна. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох зорилгоор 2013 оноос ипотекийн бага хүүтэйгээр орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Өнөөгийн байдлаар “МИК ОССК” ХХК-аас 21 тусгай зөвшөөрөлтэй компани үүсгэн байгуулж, нийт 78,703 зээлдэгчийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулж 4.1 их наяд төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг СЗХ бүртгэсэн хэмээлээ.  

Мөн үүрэн телефоны оператор “Жимобайл” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн зээлээс өөр төрлийн санхүүгийн хэрэгслээр баталгаажсан үнэт цаас гаргасан анхны тохиолдол болсон. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хийж байгааг дурдахын зэрэгцээ бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болсныг Д.Баярсайхан танилцуулгадаа онцолсон. 

Тэрбээр, Даатгалын зах зээлийн нийт хөрөнгө 2019 оны байдлаар 10.2 хувиар өсөж, 365.8 тэрбум төгрөгт хүрсэн. Харин даатгалын нийт хураамж өмнөх оноос 11.1 хувиар өсөж, 196.6 тэрбум төгрөгт хүрэв. Даатгалын гүнзгийрэлтийн түвшин буюу ДНБ-д эзлэх хураамж 0.56 хувьд хүрээд байгааг дурдахын зэрэгцээ энэ салбарт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай нь харагдаж байна. 

2019 оны байдлаар хувь хүн, хуулийн этгээдтэй байгуулсан даатгалын гэрээний тоо 1.2 сая хүрсэн байна.  Даатгалын салбарт нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүний тоо 11 байна. Харин даатгалын зах зээлээс төлсөн татвар 2019 онд 15,6 хувиар өсөж 3.7 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг дурдлаа. 

2019 оны байдлаар нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрийн нийт хөрөнгө 1.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 34.7 хувь өссөн үзүүлэлт юм. Нийт хөрөнгийн 71.3 хувийг буюу 1.2 их наяд төгрөгийг ББСБ-уудын зээлийн үлдэгдэл эзэлж байна. 

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс банк бус байгууллагын дүрмийн санг шатлалтай өсгөх хуулийн төслийг боловсруулаад байгаа аж. Харилцагчдын тоо 2.9 сая болж, өмнөх оноос 1.8 дахин өссөн. Энэхүү өсөлтөд гол нөлөөлсөн хүчин зүйл нь гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн нь харилцагчдын тоо нэмэгдүүлэхэд хүрчээ. Энэ салбараас нийт 24,1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгийн хэмжээ 222.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 11.2 хувийн өсөлтийг үзүүлэхийн зэрэгцээ гишүүдийн тоо 70,968-д хүрсэн. Цаашид Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцлов. 

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлэв.

    

Гишүүдийн зүгээс Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах талаар баримталж байгаа бодлого болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа зарим нэг банк бус байгууллагын хүү хэт өндөр байгаад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулав. Мөн Монголбанк, Төрийн банканд ажиллагсад банк бус санхүүгийн байгууллагатай байгааг хэрхэн зохицуулах, саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хорооны зүгээс ямар ажил хийснийг лавлав. Түүнчлэн гишүүдийн олонх нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг хатуу тогтоож мөнгө хүүлэлтийн эсрэг тэмцэх, банк бус санхүүгийн байгууллагын тоог бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байлаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариултдаа, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр банк бус байгууллагын зээл, хүүтэй холбоотой асуудлыг ярьсан. Өнөөдөр бизнес эрхлэгчид орлого багатай байгаагийн зэрэгцээ зээлийн хүү өндөр байгаа талаар маш их ярьж байна

Үүнтэй холбоотойгоор гурван сарын хугацаанд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон бол үндсэн болон зээлийн хүү, төлбөрийг хойшлуулахын зэрэгцээ энэ хугацаанд хүү, алданги тооцож болохгүйг хатуу анхааруулсан. 

Энэ тал дээр ойлголцсон. Саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгааг дурдаад эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжиж байгаагаа тодотгоод, үнэт эдлэл, үнэт металийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн бүртгэл, зөвшөөрлийн ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үнэлгээ авсныг дуулгалаа. Түүнчлэн, Монголбанк, Төрийн банканд ажиллаж байгаа болон ажиллаж байсан этгээдүүд банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгааг бид мэдэж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувьцаа эзэмшиж байгаа талаараа дурдсан учир хорооны зүгээс хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэв.


Зээлийн хүүгийн судалгааг улирал болгоноор хийж, зайнаас хяналт тавьж байгааг Ажлын хэсгийн зүгээс тайлбарлаад орон нутагт банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 7-10 хүрсэн гэлээ. Харин бичил зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь орон нутагт санхүүгийн хүртээмж хомс, зээл олголт бага байгаатай холбоотой. Тиймээс банкны зээлээ төлөхийн тулд иргэд богино хугацаатай, өндөр хүүтэй зээл нэмж авч байгааг судалж тогтоосон. 

Иймд УИХ-д Санхүүгийн хэрэглэгчийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хуулийн төсөлд мөнгө хүүлэлтийн шинжүүдийг тусгаж, өндөр хүүтэй зээл нь энэ шинжийг агуулсан бол мөнгө хүүлэлт гэж үзэн хориглохоор заасныг дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.