Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу хоёрдугаар сарын 03-нд нийт 16.960 хүнд PCR шинжилгээ хийсэн. Тэдний 31-ээс нь коронавирус илэрсэн. Бусдаас нь илрээгүй. 

Тус 31 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд олонх нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Үүнээс гадна Улаанбаатарт шинээр коронавирусийн хоёр том голомт үүслээ. 

Нэг нь "Монгол шир" компанитай холбоотой. Тус компанийн нэг ажилтан халдвартай нь энэ сарын 01-нд батлагдсан. Улмаар ойрын хавьтал буюу үйлдвэрийнх нь 72 хүнд шинжилгээ хийхэд 18-аас нь коронавирус илэрсэн.

Хоёр дахь нь нийслэлийн Амгалан амаржих газарт өнөө өглөө хоёр тохиолдол батлагдсан. Эгзэгтэй цэгийн шинжилгээнд 234 хүнийг хамруулахад дээрх хүнээс коронавирус илэрлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 1054 боллоо. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. 

Улсын хэмжээнд кластер өвчлөл 1380, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 1890 байна. Тэдгээрийн 1398 буюу 74 хувь нь эдгэрсэн. Нийт 479 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 82, хөнгөн 395 хүн байна.

Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч, эмнэлгээс гэртээ гарсан" хэмээн мэдээллээ.

Нийслэлд шинээр үүссэн дээрх хоёр том голомтоос гадна 8 голомт идэвхтэй хэвээр байна гэдгийг мөн онцолж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, аль болох олон хүнтэй газраар явахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.