Шинэ коронавирусийн халдварийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа "БНСУ-ын Тэгү хотоос өнгөрсөн пүрэв гарагт ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй.

Өчигдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Вьеатнамд сурдаг оюутан, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Шанхайд сурдаг нэг оюутан, нийт хоёр хүнийг тусгаарласан.  Тэдний шинжилгээний хариу өнөөдөр гарна. Хариу гарсны дараа үргэлжлүүлэн хяналтад байлгах эсэхийг шийднэ.

Гашуунсухайтад 12 хүнийг тусгаарлаж, 15 хүнийг ажиглалтад байлгаж буй. Тэдгээр хүмүүсийг тусгаарлах хугацаа маргааш дуусна. Өчигдөр тэдний шинжилгээний сорьцыг ирүүлсэн. Хариу нь өнөөдөр гарна. 

ДЭМБ-аас ХӨСҮТ-д нийлүүлж буй 3000 оношлуурыг өнөөдөр 20.00 цагт хүлээж авна. ХӨСҮТ-ийн  шуурхай хариу арга хэмжээний тус бүр 8 хүнтэй дөрвөн баг өдөр өдрөөр ээлжилж ажиллаж байна" хэмээлээ.