Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, 14:00 цагаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Монголд коронавирусийн олон голомт үүссэн гэх зэрэг буруу мэдээлэлтэй хүмүүс бас байна. 

11 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод коронавирусийн анхны тохиолдод бүртгэгдсэн. Түүний ойрын болон хоёрдагч хавьтлуудыг судал, тогтоох ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Үүнээс хойш ойрын хавьтлынх нь 440 хүнийг илрүүлж, 100 хувь шинжилгээнд хамруулсан. Тэдний 100 гаруйг нь хоёр дахь, 36 хүнийг гурав дахь давтан шинжилгээнд хамруулсан. Улмаар Улаанбаатарт коронавирусийн 10 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь хоорондоо хамааралтай, ах дүүс, уулзсан ойрын хүмүүс юм. Хоёрдагч хавьтал болох 5660 хүнийг шинжилгээнд хамруулж дуусч байна. Тэднээс коронавирус илрээгүй. 

Мөн Сэлэнгэ аймагт халдварын багц өвчлөл буюу голомтолсон өвчлөл гарсан. Тус голомтод одоогоор 4 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэд бүгд Сэлэнгэ аймагтаа бүртгэгдсэн учир тухайн аймгийн багц халдвар гэж нэрлэгдэж явна. 

Сэлэнгэ аймгийн энэ багц өвчлөлөөс улбаалан төмөр замаа дагасан нэг тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгдсэн. Энэ нь хойноос орж ирж буй ачаа тээвэртэй холбоотой үүссэн байх магадлалтай. 

Үндсэндээ Монгол Улсын нутаг дэвсгэрт Сэлэнгэ, Дарханы төмөр замын урсгалыг дагасан халдварын нэг багц тохиолдол, Улаанбаатар хотод бас нэг багц тохиолдол гэсэн халдварын хоёр багц тохиолдол бүртгэгдсэн. 

Нийслэлийн багц халдварын голомтыг үндсэндээ хяналтдаа аваад, өртсөн байж болох бүх хүнийг шинжилгээнд хамруулсан. Гэхдээ иргэд маань маршрутаа мартах зэрэгтэй холбоотойгоор дахин маршрут нэмэгдвэл хавьтлууд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Иймд бүх зүйлийг үргэлжүүлэн тандан судалж байна.

Төмөр зам дагасан халдварын дагуу ХӨСҮТ-ийн мэргэжлийн хоёр том баг Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа. Мөн тагнуул, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт ын хамтарсан тандалт судалгаа хийж, ойрын хавьтлыг тогтоосон. Ер нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын бүх хүн амыг шинжлэх зорилттой ажиллаж байна. Аймгийн төвдөө 26 мянган хүн амтай. Ингэж хүрээ хязгаарыг нь цомхотгож, хумьж авахаар ажиллаж байна" хэмээлээ.