Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр манай улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй нэг хүнээс коронавирус илэрсэн. Москва дахь сургуульд нь коронавирус илэрсэн байсан учир бид түүнийг эрсдэлтэйд тооцож ХӨСҮТ-д тусгаарласан байсан" хэмээн мэдэгдсэн.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ОХУ-аас ирсэн оюутнуудыг Москвад байхдаа хаагуур явсан, хэнтэй уулзсан зэрэг бүх зүйлийг тандан судалсан. Улмаар өвчлөл гарсан нэг сургуулийн 24 оюутан, өөр нэг сургуулийн 6 оюутан, халдвар авсан байх эрсдэлтэй хэд хэдэн хүнийг онцгойлон тусгаарласан. Дарханд хэдэн хүн бий. 

Тэднээс 2-3 хоногийн зайтайгаар 2-3 удаа давтан шинжилгээ авч байна. Дахиад ч шинжилгээ авна. Вирус ялгарах хугацаа хүн бүрт адилгүй. Тухайн хүний эрүүл мэндийн байдал, дархлаа, биеийн эсэргүүцэл зэргээс хамаардаг учир нарийн ажилбараар тооцож ажиллаж байна. Сүүлд коронавирус илэрсэн хүнээс гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Нууц үеийн цаад хугацаа 20 гаруй хоног болж байна. 

ОХУ-аас ирсэн хүмүүсийг дөрөвдүгээр сарын 12-ноос тооцож үзэхэд ирэх сарын 1, 2 хүртэл халдвар илрэх эрсдэл байгаа. Гэхдээ бид эдгээр эрсдэлтэй хүнийг тусгаарлаж, хатуу хяналтдаа авсан, ХӨСҮТ-д ажиглалт, тандалт хийж байна" хэмээв.