Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 06-наас өнөөдрийг хүртэл нийт 5000 орчим хүнийг хяналт, тандалт, шинжилгээнд оруулсан. Үүнээс 283-ыг нь тохиолдол гэж үзэн тусгаарласан. Тэдний 80 гаруй хувиас нь амьсгалын замын бусад халдварын шинж тэмдэг илэрсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй.

"Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2000 орчим хүнийг хяналт, тандалтад авсан байна. Коронавирусийн нийт 140 тохиолдол импортлогдон орж ирсэн. Тэднээс эх орондоо ирснээс нь 1-14 хоногийн хугацаанд 1-5 удаа шинжилгээ хийж байж коронавирус илэрсэн. Илэрсэн нийт тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас, бусад нь өөр 11 улс орноос ирсэн. Тэдгээрийн 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй байгаа. Олонх нь ОХУ-ын Батлан хамгаалахын сургуульд сурдаг оюутнууд учир эрэгтэй нь олон байна. 

Бид халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн нэр, хаягийг хэлдэггүй. Энэ бол хувийн нууц. Гэтэл н.Алтанхундага гэдэг хүн буруу ойлголттой мэдээллээ олон нийтэд цацсан байна. Түүнээс нь ард иргэд ч буруу мэдээлэл авч байна. Иймд анхааруулж, тайлбар өгъе.

н.Алтанхундага 2019 оны 9 дүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотод амьдрахаар очсон. Тэрээр 2020 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд ОХУ-ын Улан-Үдэ хотод гэр бүлээрээ буюу 6-уулаа байр түрээслээд амьдарсан байна. Ингэхдээ Санкт-Петербург, Улан-Үдэ, Новосибирск маршрутаар зорчсон. Тэгээд энэ сарын 13-нд наашаа гараад 14-нд Төв аймгийн Батсүмбэрийн сувилалд ирж тусгаарлагдсан. Энэ үед нь шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. 

Тухайн иргэн Улан-Үдэ хотод байхдаа буюу 5 дугаар сарын 2, 8-нд хоёр удаа шинжилгээнд орсон байна. Хоёулаа сөрөг гарсан. ОХУ-д өвчлөл их байсан учир сүүлийн шинжилгээний хариу нь тавдугаар сарын 12-нд гарсан байна. Шинжилгээ өгснөөсөө хойш 12-н хүртэлх хугацаанд Улан-Үдэ хотдоо байсан.

Тэрээр Монголд ирсэн хойноо "Би Монгол Улсад орж ирэх явцдаа коронавирусийн халдвар авчихлаа" гэж цахимд бичиж тарааж, ард иргэдийг үймүүлж байна. Энэ хүн ирэх явцдаа халдвар авах эрсдэл болоогүй. Шинжлэх ухаанаар батлагдсан шинжилгээг бид хийж байна. Халдварын нууц үеийн хугацаа 5-21 байна. Мөн энэ хүнийг замдаа халдвар аваагүй гэдгийг нотлох хоёр дах нотолгоо бол тухайн иргэн Улан-Үдэ хотод байхдаа манай улсын өвдсөн оюутнуудад тусалж, эмчилж байсан байна. Энэ бол сайн. Гэхдээ энэ үед халдвар авах эрсдэл маш өндөр. Тэрээр ОХУ-д сүүлийн шинжилгээгээ тавдугаар сарын 08-нд хийлгээд 12-нд хариугаа авсан. Үүнийгээ 12-нд шинжилгээ хийлгэсэн гэж ташаа мэдээлж байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Халдварын талаар мэдээлэл, мэдлэг багатай нэг хүн буруу ташаа мэдээлэл тараах нь дэлхий нийтээрээ эрсдэлтэй, айдастай энэ үед иргэдэд цочрол болж байна. Тиймээс ингэж ийм ташаа мэдээлэл тарааж болохгүй" гэдгийг санууллаа.