Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-нд нийт 11.202 хүнд PCR шинжилгээ хийсэн. Тэдний 37-гоос нь коронавирус илэрсэн. Бусдаас нь илрээгүй. 

Тус 37 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд олонх нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Мөн цэгүүдэд шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн.  

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 945 боллоо. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. 

Улсын хэмжээнд кластер өвчлөл 1271, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 1779 байна. Тэдгээрийн 1333 буюу 75 хувь нь эдгэрсэн. Нийт 433 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 65, хөнгөн 366 хүн байна" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Коронавирусээр өвчилж буй хүний тоо, тэдгээрийн хавьтлууд өдөр бүр нэмэгдэж байна. Улаанбаатарт халдварын голомтууд нэмэгдэж, цар хүрээ тэлэгдэх хандлагатай байна. 

2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш нийт 28 голомт үүссэн. Тэдгээрт хариу арга хэмжээ авч ажилласан. 9 нь маш том голомт байсан. Одоо 7 голомтод идэвхжил нь буурсан боловч үргэлжлэн ганц нэг тохиолдол гарч байна. 

2021 оны нэгдүгээр сарын 25-наас хойш үүссэн 13 том голомт идэвхтэй байна. 

Тухайлбал, Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомтоос 20 хүн, Х апартментын СӨХ-той холбоотой голомтод 11 хүн, нэр бүхий ББСБ-т гарсан голомт маш идэвхтэй үргэлжилж, сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол, гутлын цехтэй холбоотой голомтод 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Нэр бүхий пиццаны газартай холбоотой голомтод нийт 15 тохиолдол, хүүхдийн асрамжийн газрын 3 багш, 2 хүүхэд өвдсөн. Үлдсэн 6 хүүхдийг тусгаарласан. Мөн Баянзүрх, Баянгол дүүргийн тодорхой байранд гарсан голомт идэвхтэй үргэлжилж байна. 

Сүүлийн 14 хоног халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хоногт 10-40 орчим тохиолдол бүртгэгддэг боллоо.

Энэ мэтээр халдвар хүрээ тэлсэн байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн явж байх эрсдэл маш өндөр байна. Иймд иргэд маш болгоомжтой байж, зай байрьж, амны хаалт тогтмол зүүж, аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй" гэв.