Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 01-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторт нийт 212 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд, тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочийн шинжилгээ хамрагдсан.

Манай улсад коронавируст халдварын зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан нийт 185 тохиолдол бүртгэгдсэн. 141 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн ор хоног 14-54 хоног буюу дундаж нь 30 байна. Энэ хүмүүс 5-56 насных бөгөөд 5-15 насны 5 хүүхэд байна. 

Коронавирус илэрч буй гол эмнэл зүйн шинж тэмдэг нь хоолой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, халуурах, булчин өвдөх, дотор муухайрах, амьсгал давчдах, ядрах, сульдах байна.

Өнөөдрөөс эхлээд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгээр ахлуулсан 10-аад хүний бүрэлдэхүүнтэй салбар хоорондын баг гурав хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллаж, халдварын сэргийлэлт, хяналт хийж, хилий нөхцөл байдлын талаар зөвлөмж өгч, сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.