Коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад сүүлийн хоёр хоногт шинээр 4 хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 356 болжээ. Сүүлд коронавирус илэрсэн хүмүүсийн 3 нь гаднаас ирсэн иргэд бол нэг нь ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагч аж. Тэрээр 14 хоног тусгаарлагдан өвчтөнүүдэд үйлчилчихээд дараагийн ажиглалт тусгаарлалтад байхад нь коронавирус илэрсэн байна.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийн аюул өдрөөс өдөрт дэлхий дахинаа нэмэгдэж байна. Ялангуяа Европын улс орнуудад хоёр дахь давалгаа эрчтэй явагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийд 47,9 сая хүн коронавирусээр өвчилж, 1.2 сая гаруй хүн нас барсан. 24 цагийн хугацаанд л шинээр 500 мянга гаруй хүн өвчилж, 9000 гаруй хүн нас барж байна. Саяхан л хоногт 5000-6000 хүн өвчилж, 4000 орчин хүн нас барж байсан бол өвчлөл маш хурдтэй нэмэгдэж дээрх хэмжээнд хүрлээ.

Халдварын тархалтаар АНУ, Энэтхэг, Франц, Итали, Их Британи зэрэг улсууд тэргүүлж байна. Мөн манай хойд хөрш ОХУ-д халдварын эрсдэл маш өндөр гарсан. Монголд зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдлын 60 гаруй хувь нь ОХУ-аас ирсэн.

Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 08-наас өнөөдрийг хүртэл 30.000 гаруй иргэнээ хүлээн авч, 90.000 гаруй давхардсан шинжилгээ хийснээс коронавирусийн 356 тохиолдол бүртгэгдэж, батлагдлаа. Тэдний 314 буюу 88 хувийг эмчлэн эдгэрүүлсэн. Бүртгэгдсэн тохиолдлуудын олонх буюу 66 хувь нь эрэгтэй, дундаж нас нь 28.5 бөгөөд 2-84 насны хүмүүс коронавирусийн халдвар асвсан байна. Тэдний дунд 15 хүртэлх насны хүүхэд 12, 55-аас дээш насныхан 23 байна. 14-60 хоногт эмчлэгдэн эдгэрч байна.

Халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагч тусгаарлалтад байхад нь коронавирус илэрсэн. Иргэд энэ талаар зөв ойлгох хэрэгтэй. Бид халдвартай иргэдэд үйлчилж байгаа багаар 14 хоног өвчтөнүүдэд эмчилгээ хийлгээд, дахин 14 хоног тусгаарладаг. Дэлхийн хэмжээнд эмч ажилчид халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Иймд Монгол Улс үүнд бусад орноос илүү анхаарч эмчилгээ, үйлчилгээнийх нь дараа ажиглантусгаарлаж байна. Тухайн сувилагчаас ажиглан тусгаарлалтад байх хяналтын шинжилгээнд нь коронавирус илэрсэн" хэмээлээ.

Мөн тэрээр "Коронавирусийн халдварын эрсдэл маш өндөр байгаа учраас иргэд өөрсдөө өвчлөхгүй байх, ойрын хүмүүсээ халдварт өртүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Өнгөрсөн 1-3 дугаар сард бидний зөвлөмжийг иргэд маш сайн дагасан. Тэр үе рүүгээ эргэж орохыг иргэдээс хүсэж байна. Хүн бүр маскаа зүүж, гараа угааж, олон хүнтэй газар очихгүй байх, хүүхдээ хичээлийн бус цагаар гадуур сэлгүүцүүлэхгүй байхад анхаар" хэмээлээ.