Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт нийт 17.529 хүнд PCR шинжилгээ хийхэд ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас коронавирус илэрчээ. Бусад хүнээс илрээгүй байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 454, нийт бүртгэгдсэн тохиолдол 906 боллоо. Тэдний 384 нь эдгэрчээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирус нь агаар дуслын замаар дамждаг халдвар учир бид ард иргэддээ байнга сэрэмжлүүлж байгаа. Улаанбаатар хот коронавирусийн голомт болсон. Бид үүссэн голомтын нэг болон хоёр дахь хавьтлуудыг илрүүлээд, эхний 14 хоногийн ажиглалт, тандалтыг хийж байна. Тусгаарлалтаас гаргах хүмүүсээ гаргаад, авах хүмүүсээ авч байгаа. 

Тандалтыг өргөн хүрээнд, ялангуяа төмөр зам дамжсан газар, дэлгүүр, супермаркет зэрэг эгзэгтэй цэгүүдэд өргөжүүлсэн байдлаар хийнэ. Тандалтын шинжилгээ хийх явцад 1-2 коронавирусийн халдвар илрэх магадлалтай.

Цар тахлын жамаар вирус илэрсэн хэдэн хүнийг тусгаарлачихаад дахиад халдвар гарахгүй гэсэн ойлголт байхгүй. Тиймээс эрсдэлтэй цэгүүдэд тандалт хийнэ. Энэ үед яагаад илэрдэг вэ гэхээр батлагдсан тохиолдол хавьтлаа хэлэхгүй байх, мартах, хавьтлын хавьтал гэх зэрэг ил далд олон хүчин зүйлээс шалтгаалж ганц хоёр тохиолдол гарна. 

Коронавирус илэрсэн тухай бүрт нь ХӨСҮТ, төрийн бусад байгууллага голомтыг цаашаа өргөжүүлж алдахгүйн төлөө ажиллаж, цар хүрээг тогтоож байгаа.

Халдвар нэмж илэрсэн тохиолдолд олон нийтийг сандаргасан болон илэрсэн тохиолдлын талаарх хувийн мэдээллийг цацахгүй байхыг хүсье. Энэ нь хүмүүс маршрут, хавьтал зэрэг мэдээллээ хэлэхгүйд хүргэдэг" хэмээлээ.