Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ийн байгууллагын гуравдугаар сарын 10-ны мэдээллээр дэлхийн 109 улсад COVID-19 халдварын нийт 113.702 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 203 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4.012 болжээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд халдвар бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-д 17 нас баралт, 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна. БНСУ-д нийт 180 мянга гаруй хүнд лабораторийн шинжилгээ хийхэд 89 хувьд нь халдвар илрээгүй.

Итали улсад 1,797 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10 мянга даван, нас барсан хүний тоо 631-д хүрч, хоногт 168 хүн нас баржээ. Харин Иранд 595 тохиолдол шинээр нэмэгдсэн нь тус улс БНХАУ-аас гадна олон тооны халдвар бүртгэгдсэн гурван орны тоонд орж байна" хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "40 орчим хүний бүрэлдэхүүнтэй халдвар судалгаа хийх баг хоёр шөнө нойргүй хонож, нийт 338 хүнээс асуумж, судалгаа авч ажиллалаа. Энэ дотроос 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзэж тусгаарласан. Үүнээс 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бол халдвартай хүнтэй вагонд сууж явсан 28 хүнийг аймгийн төвд нь ажиглалтад тусгаарласан. Мөн камп дээр нь 64 хүнийг ойрын хавьтал гэж үзэж тусгаарласнаас гадна Орхон, Сэлэнгэ, Увс аймаг болон Налайх дүүрэгт хүмүүс тусгаарлагдсан байгаа. Тэдгээр хүмүүсийн шинжилгээний дээжийг авсан" хэмээлээ.

Одоогоор нийтдээ 171 хүний шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээнд COVID-19 илрээгүй гарсан.