Та өдөр тутамдаа гэмтэж бэртэх, түлэгдэх санамсаргүйгээр унаж хөл гараа хугалсан үед өөртөө болон бусдад ямар тусламж үзүүлэх ёстойг мэдэх үү. Энгийн боловч хүн болгон мэдэж байх ёстой хэдхэн ойлголтгүйгээс болж хүмүүс хөнгөн бэртлүүдээ хүндрүүлж хөл гараа алдахад ч хүрдэг байна. Энэ талаар “Интермед” эмнэлгийн гэмтэл согог заслын мэс заслын эмч А.Алтан-Одоос тодрууллаа.


-Сүүлийн үед залуус спортоор хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор спортын гэмтэл хэр их тохиолдож байна вэ?

-Сүүлийн үед манай эмнэлэгт нуруу нугасны гэмтэлтэй хүмүүс нэлээн их хандаж байна. Энэ нь ерөөсөө халаалтгүй дасгал хийдэгтэй холбоотой. Эсвэл хүчтэй шахаж, хэт их ачаалал өгч нуруундаа суулт өгөн бэртэж гэмтдэг. Үүнтэй холбоотойгоор Интермед эмнэлэг дээр ясны болон зөөлөн эдийн хагалгаа, үе солих хагалгаа хүртэл хийж байна.

Энэ онд бид дурангийн мэс заслын хагалгаа хийхээр төлөвлөсөн. Яагаад гэвэл спортын гэмтэл эрс нэмэгдсэн. Залууст хандаж хэлэхэд заавал хурдан хугацаанд үр дүн үзэх гэж яарахгүйгээр дасгалжуулагчтай хичээллэж байхыг зөвлөе. Үүнээс гадна байнгын суугаа ажил эрхэлдэг залуусын дунд нурууны суулт эрс нэмэгдсэн. Хэрвээ байнгын суудаг ажил хийдэг бол тогтмол сунгалтын дасгал хийж заншаарай.


-Бага насны хүүхдүүдийн дунд ямар гэмтэл бэртэл зонхилдог вэ?

-Хүүхдүүд голдуу хуруугаа эсгэх, хавчих, толгойгоороо ширээ мөргөх зэрэг ахуйн ослоор гэмтдэг. Хэдий жижиг бэртэл боловч хүүхэд учраас хүндрүүлэх гээд байдаг талтай. Ялангуяа бага насныхан гэмтсэн хуруугаа амандаа хийчихдэг зуршлаас болж шарханд нь халдвар орж хүндэрдэг. Эсвэл эсгэсэн шархыг нь ам дамжсан яриагаар эдгээх гэж оролддог эцэг эхчүүд ч бий. Тийм учраас хүүхэд бэртэж гэмтсэн бол эхний 4-5 боолтыг эмнэлгийн орчинд хийлгэж байх ёстой. 

Зарим томчууд зүсэгдчихвэл хэсгийнхээ цусаа тогтоох гэж хөвөн шатааж тавьдаг. Энэ бол маш буруу арга. Ингэснээр зүсэгдсэн дээрээ түлэгдэж давхар шарх авдаг.

Эмнэлэгт хандахгүйгээр эмийн санд ороод эм аваад уучихдаг тохиолдол ч манайханд элбэг.  Үүнээс болж хэд хоногийн дараа шарх нь идээлж, хоёрдогчоор халдварлаад антибиотикт тэсвэртэй болоод ирдэг. Тиймээс их өвдөлттэй үед зөвхөн өвчин намдаагч ууж болно. Өөр ямар нэгэн эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй. 

Шарх нь зүсэгдсэн, урагдсан, зулгарсан зэрэг олон төрөл байдаг. Энэ үед эхний ээлжинд спирт эсвэл павидон гэх мэт гарын доорх зүйлсээр шархаа цэвэрлэнэ. Дараа нь аль болох ариун гэж бодсон амны цаас, даавуу, самбайгаар боогоорой. Мөн зориулалтын цус тогтоогч байвал хэрэглээд нэн түрүүнд эмнэлгийн байгууллагад хандах ёстой. 


-Зарим хүмүүс эрүү мултарчихлаа эсвэл хүүхдийн тохой мултарчихлаа гэдэг шүү дээ. Энэ үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Эцэг эхчүүд хөтлөж яваад хүүхдээ унах гэхээр нь татсан чинь тохойны үе нь мултарчихлаа гэдэг. Хүүхдийн яс бэхжээгүй, мөгөөрслөг, үе нь сайн хөгжөөгүй учраас 0-5 насанд тохойны үений хагас мултрал элбэг тохиолддог. Энэ үед мөн л шууд эмнэлэгт хандах ёстой. Үүнийг буруу аргаар хийснээс болоод хүүхэд насанд туршдаа тохойны үений гэмтэлтэй болох магадлалтай. Эсвэл сурмаг мултрал үүсэх гээд байдаг. Модон чихрийг татахад хүртэл тохойны хагас үе нь мултардаг болчихсон хүүхэдтэй таарсан. Тийм учраас зөв арга хэмжээ авах л хамгийн чухал. Эцэг эхчүүд хэзээ ч дур мэдэн мултралыг нь оруулж болохгүй.Бүр заавал унтуулгатайгаар мөрний мултралыг оруулдаг заалт ч бий.

Насанд хүрэгчдийн хувьд эрүү, мөр, тойг шагайны мултрал голдуу тохиолддог. Энэ нь үений шингэний фермент муудсан эсвэл булчин шөрмөс халаагүй байхад дасгал сургуулилт хийснээс үүдэлтэй. Насанд хүрэгчдийн хувьд ч ялгаагүй мултарсан л бол эмнэлэгт хандана. Эхлээд мултарсан үеийг хөдөлгөөнгүй байрлалд оруулсан сойлт боолт хийлгээрэй. Зарим нь мултралыг ойшоолгүй хэд хоногоос эдгэчих байлгүй гэж удаачихдаг. Ингэснээр сунаад эдгэчихсэн үе буцаж ороход тун төвөгтэй. Эсвэл байсхийгээд гарчихдаг сурмаг мултрал болдог. 


-Хүүхдээ орноос эсвэл өндрөөс унагаачихлаа, гэмтэл авсан болов уу гэсэн асуулт ээжүүдийн фэйсбүүк группээр нэлээн харагддаг. Энэ үед яах ёстой вэ?

-Ер нь ухаан алдах, унаж татах, өндөр халуурах гэж заавал анхаарах гурван шинж тэмдэг гэж бий. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл нэн яаралтай эмнэлэгт хандана.

Магадгүй хүүхэд унахдаа эвгүй унаснаас сэтгэл зовниж байвал хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид эсвэл тархи мэдрэлийн гэмтлийн эмчид хандах ёстой. Гэхдээ заавал компьютер томографийн шинжилгээ хийлгэж өндөр цацраг туяатай зураг авахуулах байх шаардлага байхгүй. 

Тархины гэмтэл тэр дороо гардаггүй учраас 24-72 цаг хүүхдээ сайтар ажиглаарай. Хэт цочромтгой эсвэл их унтаж, огьж бөөлжих нь үү гэдгийг харна. Мэдээж унаж татаж байгаа бол тархины гэмтэл авсан гэсэн үг.


-Тэгвэл түлэгдэлтийн үед авах хамгийн зөв арга хэмжээ юу вэ?

-Түлэгдсэн бол яаралтай урсгал хүйтэн усанд 15-20 минут түлэгдсэн хэсгийг барина. Ингэснээр түлэгдэлтийн шархны гүн нэвчилтийг удаашруулдаг сайн талтай. Монголчууд ам дамжсан яриагаар түлэгдэлтийг эмчлэх гэж оролддог. Энэ нь түлэнхийг бүр ч хүндрүүлдэг. Жишээлбэл саван эсвэл элсэн чихэр түрхдэг. Бүр гутлын тос түрхэж, нохойн цус дусаасан тохиолдол ч бий. 

-Хүүхэд том хүн гэлтгүй иргэдэд яс хугарсан үед ямар тусламж үзүүлэх талаар ойлголт өгөхгүй юу?

- Хүмүүс эдгээр тохиолдлын үед юу хийх ёстойгоо заавал мэддэг байх шаардлагатай. Яс хугарсан бол хатуу зүйлээр бэхлээд хамгийн ойрын эмнэлэгт хандаж дараагийн тусламжаа авах ёстой.

Манайхан сагс тоглож байгаад хуруу тулчихлаа гээд хүнээр хүчтэй татуулдаг. Уг нь тулна гэж байдаггүй. Харин үений уут буюу капсул нь урагдчихсан, хугарал үүсчихсэн гэсэн үг. Тоохгүй явж байгаад өвдөлтөө тэсэхгүй үзүүлэхээр хуруу нь хугарчихсан байх жишээтэй. Тийм учраас хэнэггүй хандах биш тэр даруйдаа л эмнэлэгт хандах ёстой.