Зам, тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн 8 дугаар сард хүн амины хэрэг гарсан. Тус хэргийн хохирогч, талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр талийгаач Т.Гомбосүрэнгийн аав А.Төмөрхуяг "Өнөөдөр талийгаачийн 49 хоног болж байна. Бидэнд үнэхээр харамсалтай байна. Миний хүү төрд ажиллаж буй манай удам угсааны 4 дэхь үе байсан. Би өөрөө хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хүүгээ төрийн албанд ороход нь ийм харамсалтай хэрэг гарна гэж бодсонгүй. Уг хэрэгтэй холбоотой буруу ташаа янз бүрийн мэдээлэл хэвлэл болон цахимаар цацагдаж байна. Бид ёс жаягаа бодоод өнгөрсөн хугацаанд чимээгүй байлаа. Хүү маань архи дарс ууж, танхайрдаг хүн биш. Манайх 2 охинтой, нэг хүүтэй. Гомбосүрэн бол миний голомтыг түших ганц хүү минь байсан. Одоо надад 4 ач үлдлээ. Хамгийн бага нь ой, 6 сартай. 20 жилийн дараа би энэ хүүхдүүдэд аавынх нь тухай юу гэж хэлэх вэ. Нийгэмд тархаад буй талийгаачийг архи ууж байгаад танхайрч тус хэргийн хохирогч болсон гэсэн буруу ташаа мэдээллийг залруулах зорилгоор өнөөдөр бид мэдээлэл хийж байна" хэмээн ярилаа.


Талийгаачийн авга ах А.Ганхуяг "Айлд бусдынхаа хайр, хүндлэлийг илүү татсан нэг хүн байдаг даа. Дүү маань тийм л хүү байсан. Талийгаачийн утаснаас хамгийн сүүлд хэнтэй юу гэж ярьсныг нь бид тогтоосон. Утасны ярианаас сонсоход амиа алдах өдөр нь Б.Махбалын өрөөнд нэр бүхий хэдэн хүн өрөөндөө дуудсан байна. Үүний дараагаар л тус хэрэг гарсан байна.

Хэрэг гарсны маргааш бид дуудагдан Зам, тээврийн хөгжлийн яаман дахь ажлын өрөөнд нь ороход компьютер нь асаалттай, түлхүүр нь ширээн дээр, пиджак нь сандал дээрээ тохоостой байсан. Энэ нь талийгаач бүр гараагүй, дуудагдаж түр гарсныг нотолж байна.

Ер нь бол талийгаачийн албан тушаалыг авах ажил өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн шат дараатай явагдаж байсныг илэрхийлэх баримт бичгүүд бидэнд байна. 

Энэ хэрэг албан тушаалын төлөөх тэмцэл ямар хэмжээнд хүрснийг илтгэж байна. Үүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ч анхаарлаа хандуулна гэж найдаж байна. Одоо бид тус бусармаг үйл явдлыг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шүүж өгнө гэдэгт итгэж байна. Хэрэв хэн нэгэн хүн шүүхийн шийдвэрт нөлөөлвөл бид зүгээр хараад суухгүй. Ард түмнээсээ дэмжлэг аван үнэн зөвийг тогтоотол явах болно" хэмээлээ.

Өмгөөлөгч н.Хүрэлсүх "Яг одоогоор тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах хэсэгт шалгаж байна гэсэн мэдээллийг өмгөөлөгч нарт өгсөн. Тус хэргийн талаар хэвлэл мэдээллээр "ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгийгээ хөнөөлөө" гэсэн гарчиг, агуулгатай мэдээ, нийтлэл бичиж байна. Энэ нь утгын хувьд алдаатай бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд маш хүндээр тусч байна. Тиймээс ЗТХЯ-нд гарсан хүн амьны хэрэг гэх зэргээр хэлэх нь зүйтэй байх" гэв.