Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гуравдугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 148 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 94 нь буюу 63 хувь нь эрэгтэй, 54 буюу 36.4 хувь нь эмэгтэй байна. Батлагдсан тохиолдлуудын дундаж нас нь 24 бөгөөд нийт 8-64 насны хүмүүс байна. 8-12 насны 5 хүүхэд, 16-24 насны залуучууд 112 байна. 

Нийт тохиолдлын 86.5 хувь нь ОХУ-аас, бусад нь нэр бүхий 9 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Өвчтөнүүд 10-55 хоногт, дундаж нь 30 хоногт эдгэрч байна. 

Оюутан сурагчид маань төр захиргааны дэмжлэгээр эх орондоо ирээд, өвчинд өртсөн ч ХӨСҮТ-ийнхөө эмч, мэргэжилтнүүдийн ачаар эдгэрээд гарч буйд нь талархаж байна. 

Өнөө өглөө 06.00 цагт Алтанбулаг боомтоор орж ирсэн галт тэргийг хүлээж авсан. 18-39 насны нийт 340 зорчигч ирснээс 80 гаруй нь оюутан сурагчид. Тэдний 40-ийг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласнаас 27 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй. Улмаар тандалт судалгаа, ажиглалт үргэлжилж байна" хэмээлээ.