Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 13.00 цагт коронавирусийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манай улс боломжийнхоо хэрээр иргэдээ гадны улсуудаас татаж байна. Дэлхий нийтийг доргиосон шинэ халдварын үед улс бүр халдвар, хамгаалалтдаа анхаарах шаардлагатай. Манай улс голомтот хоёр улсын дунд оршиж байна. Ирсэн хүмүүсээ нэг нэгээр нь тусгаарлаж байна. Ажиглах байрныхаа хүртээмж, эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг тооцох хэрэгтэй. Коронавирус энгийн нэг халдварт өвчин биш. ХӨСҮТ-д байгаа өвчтөнүүд ч дотроо эрэмбэлэн ангилалтай. Энэ мэт олон шалтгаандаа тааруулж иргэдээ татаж байна.

ОХУ-д халдварын тархалт маш өндөр, бүх хотод нь халдвар бүртгэгдсэн. Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 82 хуь нь ОХУ-аас, бусад нь өөр 9 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Сүүлийн хоёр өдөр 540 хүнийг Алтанбулаг боомтоор оруулж ирсэн. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цэрэг, цагдаа, гааль, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг тал талын хүмүүс ажиллаж байна. Энд ажиллаж буй хүмүүс маань халдварын хяналтын дэглэмийг цаг тухай бүрт анзаарч байхгүй бол эрсдэл маш өндөр байна. 

Жишээ авахад Алтанбулаг боомтоор өчигдөр 340 хүнийг оруулж ирсэн. Энэ нь маш өндөр эрсдэлтэй. Хүн бүртэй уулзаж, асуумж, судалгаа авна. Улмаар халдварын сэжигтэй хүн байна уу гэдгийг нарийн асуумжаар судалж авдаг. Зарим тохиолдолд эрүүл мэндийн үзлэг хийж, маш ойрхон ажиллаж байна. Иймд ажиллаж буй хүмүүс халдвар авах эрсдэл маш өндөр.

Тиймээс энэ хүмүүсээ өвдөхвий гэж сэрэмжилж байна. Дэлхийн бусад оронд эмч, цагдаа, онцгой байдлын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан тохиолдол олон гарсан. 

Сүүлийн хоёр хоногт нэлээд ачаалалтай ажиллаа. Эрүүл мэндийн байгууллагууд олон цагаар ажилласнаасаа болж ядардаг. Цаг ямагт эрсдэл биднийг дагаж байна. Мөн хилийн орчим байгаа иргэд онцгой сэрэмжтэй байх шаардлагатай. 

Манай улсад 161 тохиолдол бүртгэгдсэн нь том тоо. Өвчлөл, өвчтөнтэй хавьтах хүний тоо нэмэгдэхийн хэрээр эрсдэл өндөр болно. Бид аль болох өвчтэй хүнтэй олон хүнийг хавьтуулахгүйн төлөө ажиллаж, тусгаарлаж байна. Энэ бол бидний алтан зарчим.

Хамгаалах хэрэгслийг ганцаараа байхдаа өмсөж тайлж хэзээ ч болохгүй. Хажууд нь нэг хүн харж, хянаж байгаад алдаа гаргасан тохиолдолд шууд тусгаарлах шаардлагатай" хэмээлээ.