Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Долоодугаар сарын 02-нд нийт 194 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд өчигдөр АНУ-аас онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээ, эдгэрээд ХӨСҮТ-өөс сувилалд шилжсэн хүмүүсийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ, сэжигтэй тохиолдол гэж үзэн Орхон, Хэнтий аймагт тусгаарласан 2 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн, тандалтын зорилгоор хийсэн 3 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч, Замын-Үүдэд иргэд болон ачаа тээврийн жолооч бүхий 108 хүнд хийсэн шинжилгээ хамрагдсан. Бүгд сөрөг гарлаа. 

Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Нэг нь 5 дугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн оюутан бөгөөд 36 хоногт эмчлэгдлээ. Нөгөө нь сүүлд Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэж орж ирсэн орос жолооч бөгөөд 16 хоног эмчлэгдээд эдгэрсэн.

Монгол Улсад коронавирусийн нийт 220 тохиолдол бүртгэгдсэээс 179 нь эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 41 хүн эмчлэгдэж буйгаас 35-ынх нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна" хэмээн мэдээллээ.