Канад улсын хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн тамирчин Квинн Олимпын наадамд трансжендэр гэдгээ нуулгүй оролцож буй анхны тамирчин юм. Тэрээр бэлгийн цөөнх хүмүүсийг төлөөлж буй өөрийн оролцоонд сэтгэл хангалуун байгаа хэдий ч трансжендэр хүмүүсийн спортын талбар дахь эрхийн төлөө өшөө илүү тэмцэх хэрэгтэй байгаа хэмээжээ. 

Тэрээр Олимпын наадмын эхний тоглолтоороо Япон улсын эсрэг оноолт таарсан бөгөөд 1-1 харьцаатай өндөрлөсөн байна. Тус тоглолтын дараа Квинн өөрийн инстаграм хуудаснаа:

Олимпд оролцсон хамгийн анхны, нээлттэй трансжендэр тамирчин. Баярлах, гуних алин болохыг мэдэхгүй юм. Гарааны тоглогчдын нэрс дунд мөн итгэмжлэл дээр маань “Квинн” гэж бичсэн байхыг хараад үнэхээр их бахархал төрж байна. 

Надаас өмнө, Олимпд оролцохдоо өөрсдийн үнэнг нууж явсан тамирчид байсан гэдгийг санахад гунигтай юм. 

Би хууль тогтоогч байгууллагууд, дүрэм журам, бүтэц, хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт ирнэ гэдэгт итгэж байна. 

Транс охид спортоос хасагдаж, Олимпын тамирчин болох мөрөөдлөө биелүүлэхийг хичээхэд нь үргэлж ялгаварлан гадуурхал, өрөөсгөл ойлголтууд тулж байдаг бодит байдлыг ч би мэднэ. Энэ тэмцэл ингээд дуусчихгүй... Нэг ч трансжендэр тамирчин бэлгийн чиг хандлагаасаа болж Олимпд ороох эрхээ хасуулахгүй болсон цагт би тэмдэглэх болно хэмээжээ. 


Квинн

Энэ удаагийн Токиогийн Олимпд трансжендэр гэдгээ нуугаагүй 3 тамирчин оролцож байгаа бөгөөд Квинныг яагаад анхных гэсэн бэ гэвэл түүний тоглолт Олимпын нээлтээс ч өмнө буюу энэ сарын 21-ний өдөр байсан юм. Нөгөө хоёр тамирчны хувьд хүндийн өргөлтийн төрөлд хүч үзэх Шинэ Зеланд улсын тамирчин Лаурел Хаббард, АНУ-ын дугуйт мотокроссын тамирчин Челси Вольфэ нар аж. 

Лаурел ХаббардЧелси Вольфэ

Хэдий трансжендэр тамирчдын оролцоог тэмдэглэлт үйл хэрэг болгон хүлээж авах хүмүүс байх ч, тэдгээр оролцогчид трансжендэр эмэгтэйчүүд спортын эмэгтэй төрөлд хүч үзэх ёсгүй гэж үздэг хүмүүсийн зүгээс ирэх цахим хүчирхийлэлд өртсөөр байгаа юм. 

Олимпын наадмын зүгээс 2004 оноос хойш маш чанга шалгуурын дор трансжендэр тамирчдыг тэмцээнд орохыг зөвшөөрөх болсон боловч энэ жилийг хүртэл нэг ч тамирчин өөрийн бэлгийн чиг хандлагын тухайд Квинн болоод бусад тамирчид шиг нээлттэй байгаагүй билээ.