Жоан Брижден Жонес бол энэ жил хоёр дахь удаагаа Олимпын наадамд хөнгөн завины төрөлд хүч сорих гэж буй тамирчин. 1988 онд Австрали улсын Шинэ өмнөд Уэльст төрсөн тэрбээр өдгөө 33 настай юм. 


Хүүхэд байхаасаа л спортоор хичээллэж ирсэн түүнийг 13 настайд нь хөнгөн завины клуб тамирчнаар бэлтгэхээр урьж байжээ. Тухайн үедээ хөнгөн завь гэж юу болохыг ч үл мэдэж байсан Жоан тус клубд очоод л тухайн спортод маш ихээр татагдсан аж. Тэгээд долоо хоногт дөрвөн өдрөөр бэлтгэлээ эхэлж, өдөр бүрийг өмнөхөөсөө илүү сайжрахад зориулж байжээ. 


 Тийнхүү тасралтгүй хөдөлмөрлөж, бэлтгэл бүрээрээ өөрийгөө сайжруулж байсан ч, мэргэжлийн тамирчны хувьд өөрийн жинхэнэ хэмнэлээ олж, спортоо мэдрэхэд түүнд 2 жилийн шаргуу бэлтгэл шаардагдсан байна. 

Ингээд тэмцээн уралдаануудад амжилт үзүүлэхийн зэрэгцээ, бэлтгэл сургуулилтаа ч таслахгүй хөдөлмөрлөсөөр 2010 онд тэр анх удаа тухайн спортынхоо ганцаарчилсан төрөлд хүч үзэн медалийн болзол хангаж, дэлхийн аваргад өрсөлдөх эрх авч байжээ.


Харамсалтай нь ДАШТ-д оролцохоосоо өмнө Жоан мөрөндөө гэмтэл авч, нэг жил өнжсөн хэдий ч 2011 оны ДАШТ-д хөнгөн завины 2 гишүүнт багийн төрөлд өрсөлдөн амжилттайгаар хүрэл медаль хүртсэн юм. 

Түүнээс хойш тэрээр 2012 оны Лондонгийн Олимпд багаар оролцож, хагас финалын шат хүртэл явж байжээ. 


Харамсалтай нь 2013 онд мөрөө дахин гэмтээсэн Жоан 2016 оны Олимпд оролцох эрх авч чадаагүй улмаас хэсэгтээ спортоос завсарлага авахаар шийдсэн байна. Спортын оронд тэр өөрийн олон жил мөрөөдөж ирсэн мөрөөдлөө биелүүлэхийг хүсжээ. Тэр бол түргэн тусламжийн төвийн ажилтан болох байв. 


Жоан өөрийн мөрөөдлийг биелүүлж, дуртай ажлаа хийхийн хажуугаар 2017 онд спортын замналаа үргэлжлүүлэн, 2020 оны Токиогийн Олимпд ч оролцох эрхийн төлөө шаргуу хөдөлмөрлөжээ. Тийнхүү Олимпын эрхийн төлөө бэлтгэл хийхийн хажуугаар шөнийн ээлжид ажиллаж, Австрали улсад коронавирусийн цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэхэд тэргүүнд эгнээнд ажиллаж байсан юм.


Гэсэн ч түүнийг Олимпд оролцох эрхээ авснаас хэдхэн хоногийн дараа Олимпын их наадам цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлох болсон мэдээ цацагджээ. Энэ мэдээ 32 настай тамирчны хувьд үнэхээр хүнд туссан бөгөөд тэр дахиад 12 сарын турш өөрийн бие махбодыг хүнд хэцүү бэлтгэл, сургуулилт хийж чадах эсэхэд ч эргэлзэж байв. Австрали улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндрэхэд тэр багийнхаа гишүүд, дасгалжуулагчийн хамтаар өөр хот руу нүүж, бэлтгэлээ үргэлжлүүлэх хэрэгтэй болсон бөгөөд өөрийн хайртай ажлаас ч гарах хэрэгтэй болжээ. 


Гэхдээ Жоан огт бууж өгөөгүй юм. Бүтэн цагийн ажилгүй болсон ч тэрээр нарийн боовны бизнес эрхлэхээр шийдсэн бөгөөд үргэлж л нарийн боов, бялуу, жигнэмэг хийх сонирхолтой байсан тэр бэлтгэл хийхийн хажуугаар өөрийн сонирхлыг хөгжүүлжээ.

Басхүү Жоаны багийнхан бэлтгэлээ үргэлжлүүлэх болсон арал матар болоод махчин загасаар дүүрэн байсан юм. Түүнийг далайд бэлтгэл хийж байхад хаа нэгтээ ус ихээр цацарвал тэнд махчин загас сэлж байгаа дохио байх ба 2.4 метр урт, 130 кг жинтэй аварга загасны тухай ярихдаа тэр бүр цочирдохоо байсан шинжтэй. 


Юутай ч энэ удаагийн наадамд зөвхөн оролцохын тулд л гэхэд ийм олон бэрхшээлийг туулсан тэр ирэх сарын 6-ны өдөр 500 метрийн хөнгөн завины 4 гишүүнт багийн төрөлд өрсөлдөх юм. Ингээд түүнийг мэргэжлийн тамирчны замналаа дуусгахаас өмнө ямар амжилт гаргахыг харах л үлдэх шив дээ.