Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн шавыг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр уг төслийн явц, хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь ажиллав.

Энэ үеэр "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Нийслэлээс олгож өгсөн газар дээр хувийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч байгаа. Үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарах юм. Байрны 1 ам метр нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулсан. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүгдийг нь нэг дор байхаар төлөвлөсөн нь давуу тал болж байгаа” гэв.

Харин “Дорнын их гэгээ” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн О.ОдбаярНийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байна. Манай компани нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай хамтран өнгөрсөн тавдугаар сарын 14-нд уг төслийг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. 2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн ярилаа.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, богино хугацаанд олон өрхийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. 

Орлогод нийцсэн орон сууц гэхээрээ хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн орон сууцыг хэлнэ. 

Түрээслээд өмчлөх боломжийг бүрдүүлж буйгаараа орлогод нийцүүлсэн гэж байгаа. НОСК ХК, хувийн хэвшилтэй хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтыг шинэ зохион байгуулалтаар эхлүүлж байна" хэмээлээ.

Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм байна.

Нийслэлээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууц барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийж буйн нэг нь энэ аж.