МОСКВА. /RIA Novosti/. АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн халдлагыг зохион байгуулагчдын нэг болох Халид Шейх Мохаммед хэрэв АНУ-ын эрх баригчид өөрт нь цаазаар авах ял оноохгүй бол Саудын Арабын эсрэг нэхэмжлэл гаргасан хүмүүс болон компаниудын талд мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн гэж “Wall Street Journal” сонин мэдээлжээ.


2001 оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Арабын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Тэд тус улсын эрх баригчдыг террорист “Аль-Каида” байгууллагад санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлсэн гэж буруутгасан байна. Саудын Арабын Засгийн газраас нөхөн төлбөр авах зорилготой уг нэхэмжлэлийг 800 хүний нэрийн өмнөөс гаргажээ. 

Үүний дараахан АНУ-ын даатгалын 20 гаруй компани Саудын Арабын хоёр банк болон Усама бен Ладены гэр бүлтэй холбоотой компаниуд, мөн доод тал нь 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий хэд хэдэн буяны байгууллагын эсрэг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагатай холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Мохаммед амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон компаниудыг төлөөлөгч хуульчдад илгээсэн захидалдаа ийм тавьсан байна. Одоо Америкийн Гуантанамо шоронд хоригдож байгаа Мохаммед “одоогийн байдлаар” мэдүүлэг өгөхөд бэлэн биш байгаа боловч “цаазаар авах ял оноохгүй тохиолдолд илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойгоо” дурджээ.

Саудын Араб улсын өмгөөлөгч дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Есдүгээр сарын 11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд Саудын Арабыг шүүхэд өгөх боломж олгосон хуулийн төслийг АНУ-ын Конгресс урьд нь баталжээ. Уг халдлагыг үйлдсэн террористуудын дийлэнх нь Саудын Арабын иргэд байсан юм.

“Аль-Каида” байгууллагын террористууд 2001 оны есдүгээр сарын 11-нд зорчигч тээврийн хэд хэдэн нисэх онгоцыг барьцаалж, Нью-Йорк хотод оршдог Дэлхийн худалдааны төв болон Пентагоныг мөргөсөн билээ. Халдлагын улмаас гурван мянга орчим хүн амиа алдсан байна. Энэхүү эмгэнэлт явдлын дараахан АНУ 1972 оноос хойш Москва, Вашингтоны хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээнээс гарчээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг