Их хэмжээний зааны соёо хууль бусаар наймаалсан хэрэгт холбогдуулан БНХАУ-ын иргэн Ян Фэнгланд 15 жил шоронд хорих ял ногдуулсан тухай Танзанийн эрх баригчид мэдээлэв.

“Зааны соёоны хатан хаан” гэгддэг 70 настай Ян Фэнгланыг Африкийн хамгийн цуутай хууль бус наймаачин хэмээн үздэг бөгөөд түүнийг 860 зааны соёо/6.45 сая ам.доллартай тэнцэх/наймаалсан хэрэгт буруутгажээ. Мөн энэ хэрэгтэй холбоотой хоёр Танзани иргэнд ял ногдуулсан байна.

"Зааны соёоноос үүдэлтэй хууль бус ангийн улмаас Африкийн зааны тоо толгой өнгөрсөн 10 жилийн хугацаанд 20 хувиар буурсан" тухай Олон улсын байгаль хамгааллын холбооны/IUCN/тайланд мэдээлжээ.  

БНХАУ болон Зүүн Азийн орнуудад зааны соёог гоёл чимэглэл болон энэ төрлийн бүтээгдэхүүнд ашиглах ихээхэн сонирхолтой байдаг нь хууль бус ан дэлгэрэх болсон гол шалтгаануудын нэг юм.

Зааны соёоны зартай наймаачдын нэгд ял ногдуулсан явдлыг байгаль орчныг хамгаалах кампанит ажил өрнүүлэгчид сайшаан хүлээн авсан байна.  


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/РИА Новости/