2018 оны есдүгээр сарын 18-ны байдлаар 17,9 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 29,4 мянган га-гаас 47,2 мянган тонн үр тариа, 3,6 мянган га-гаас 85,3 мянган тонн төмс, 4,1 мянган га-гаас 48,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Энэ сарын 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурахыг тариаланчдад хандан сэрэмжлүүлж байна. 

20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.