Италийн Ерөнхий сайд асан, 81  настай Сильвио Берлускони шиг нас дээр гарсан ч хормойн явдалд нэр холбогдсон улс төрч ховор биз. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд түүнд татвараас зайлсхийсэн, мафитай холбоотой зэргээр 100 гаруй хэрэг үүсгэгдсэн ч Сильвио Берлускони гэм буруугүй гэдгээ нотолсоор ирсэн билээ.

Сүүлд насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон хэмээн буруутгагдсан энэ эр улс төрийн амьдралаас хэсэг завсарлага авсан ч дахин гарч ирэхээр шийдэв бололтой. Саяхан Forza Italia намын шоунд оролцон шинэ дүр төрхөөрөө олны нүдийг орой дээр нь гаргасан байна. 

Сильвио Берлускони хиймэл үс хийлгэж, үрчлээгээ толийтол татуулж, зузаан крем тавьсан байсан бөгөөд инээмсэглэх нь яг л хиймэл хүн шиг харагдсан ажээ. Тиймээс италичууд түүнд  лааны тосон Берлускони хэмээх хоч өгсөн байна.