Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг ажлаас нь чөлөөлжээ. Энэ сарын 18-ны өдөр тус сургуулийн хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөр унаж, 11 настай хүүгийн амь нас эрсэдсэн золгүй явдал болсон юм. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор, Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг ажилласан бөгөөд Ш.Болор-Эрдэнийг хариуцлага алдсан тул ажлаас нь чөлөөлөх Засаг даргын захирамж гарсан байна. 

Тодруулбал, Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогджээ.

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар дээрх шийдвэрийг гаргажээ.