Охайо мужийн хамгийн хүчирхэг улс төрчдийн нэгтэй холбоотой 60 сая долларын хээл хахуулийн сүлжээ гэмт хэрэгт оролцсон хэргээр шалгагдаж байгаа эрчим хүчний компани нь дотоод хяналт, шалгалтын дараагаар гүйцэтгэх захирлаа ажлаас нь чөлөөлжээ.

“First Energy” компанийн хийсэн дотоод шалгалтаар гүйцэтгэх захирал Чак Жонс болон бусад 2 албан тушаалтан байгууллагын бодлого, ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тул пүрэв гаригт ажлаас нь халж байгаагаа мэдэгдлээ.

Компанийн зүгээс хийсэн шалгалт нь Засгийн газраас явуулж буй мөрдөн байцаалттай холбоотойгоор хийгдсэн гэж мэдээлсэн ч дотоод шалгалтын явцад илрүүлсэн зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өмнө нь “First Energy” компанийн эзэмшиж байсан олон жил ашигласан цөмийн 2 цахилгаан станцыг авч үлдэхэд чиглэсэн хуйвалдаанд оролцсон 2 албан тушаалтан гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс хэдхэн цагийн дараагаар тус компани гүйцэтгэх захирлаа халж байгаагаа мэдэгджээ.

Өнөөг хүртэл “First Energy” компани болон тэдний удирдлагууд хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэдэнд одоог хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй байсаар байна. Мөрдөн байцаагчид тус компани болон түүний хамтрагчид ашиггүй ажиллаж байсан цөмийн 2 станцад нэг тэрбум долларын тусламж үзүүлэх нэрийдлээр нууцаар сая, сая долларыг завшсан бөгөөд “First Energy Solutions” нэртэй бие даасан охин компани ажиллуулж байсан талаар мэдэгджээ.