Стэнли Мэткалфийн ахархан амьдралын сүүлчийн мөчийг ээж нь нэг ч секунд алдалгүй санадаг. Өнгөрсөн онб долдугаар сарын 26-нд Жэнний Дийз зургаан настай ихэр охин, хүү хоёроо аваад өвөө, эмээгийндээ очжээ. Стэнлигийн өвөө түүнд хэрэм, туулай агнадаг ангийн буугаа харуулна гэсэн болохоор хүү тун ч их догдолсон. 

Бууг нь харахыг хүүдээ зөвшөөрсөн ч хадам аавыгаа болчимгүй үйлдэл гаргана гэж яахин санах билээ. Минут ч өнгөрөөгүй байтал буун дуу тасхийж гүйн очтол хүү нь гэдсээ дарчихсан “Өвөө намайг буудчихлаа” гэсээр хэвтэж байжээ. 

Стэнли Hull Royal цэргийн эмнэлэгт очоод хоёр цаг хүрэхгүй хугацаанд таалал төгссөн аж. Сэм Грэннон санамсаргүй сум алдаж ач хүүгээ ийнхүү алдсан. Усан онгоцонд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тэрбээр Шэффилд хааны шүүхээс хүний амь хөнөөсөн хэргээр гурван жилийн хорих ял сонслоо. Женни болон түүний нөхөр Энди Мэткалфийн гэр бүлийнхэн аавынх нь талд орж, хоёр хэсэг хуваагдаад буй аж. 

Грэннон ач хүүгийнхээ амийг хөнөөсөнд нэг ч удаа уучлалт гуйгаагүй ч шүүх танхимаас гарахад нь Женнигийн авга эгч нар “Аав аа, хайртай шүү” гэж орилсоор байжээ. Хүүгийнхээ чандарыг аваад Женни солонгон өнгөтэй чихмэл баавгайнд хийж хадгалсан бөгөөд ихэр эгч нь “Стэнли баавгай”-гаа хаа сайгүй авч явдаг гэнэ. Баавгайн хөлийг базахад Стэнлигийн таалал төгссөн өдөр хийсэн дүрс бичлэгнээс тасдаж авсан дуу хоолой нь дугардаг ажээ. 

Грэннон өвөөгийн талд байгаа хүмүүс энэ хэргийг санаандгүй хэрэг гэж үзэж буй. Буун дуу тасхийсэн мөчид Женни аавынхаа өвдөг дээр гараа тавиад “Санаа зоволтгүй ээ, бүх зүйл сайхан болно” гэсэн байна. Гэвч үүнээс хойш Грэнноны хорон санаа ил гарч эхэлсэн гэнэ. 

Грэннон ангийн буундаа нэмэлт төхөөрөмж суурилуулж улам хүчтэй болгосон. Үүний тулд тусгай зөвшөөрөл хэрэгтэй боловч олгохгүйг нь мэдээд зөвшөөрлийн хуудас ч бөглөөгүй. Тэрбээр 1970-аад онд хөлөг онгоц дээр ажиллаж байхдаа баруун гартаа гэмтэл авч хэд хэдэн хуруу нь мэдээ алдсан. Түүнчлэн буу нь үргэлж цэнэгтэй, гал тогооны тавиур дээр байдаг байсан. 

Ач хүүдээ буугаа харуулахаа мэдсэн ч зүүн гараараа ажиллахад хэцүү гээд аюулгүйн горимд нь тохируулаагүй гэнэ. Энди “Болсон явдлын талаар цагдаагаас сонсох тусам аймшигтай болж ирсэн. Энэ зүгээр ч нэг осол байгаагүй. Эхнэр бид хоёр бүх талаас нь бодож үзсэн. Тэр зүгээр ч нэг ангийн буу биш, хууль бусаар сайжруулсан буугаа цэнэглэчихээд гэртээ байлгаж байсан шүү дээ. Бидний хүүд яаж ийм өршөөлгүй хандаж, бидэнд нэг ч удаа тайлбар тавьж, уучлалт гуйгаагүйг бид үнэхээр ойлгохгүй байгаа” хэмээсэн юм. 

Грэнноны мэдүүлэг энэ хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн ч эцэст нь буу нь сумтай, эсэхийг шалгаж үзэх гээд гохоо дартал буу нь 6 настай хүү рүү нь чиглэсэн байсан болж таарав. Тэдний гал тогоо ердөө 1.8 метр урттай үгүйтэй жижигхэн. “Өвөө намайг буудчихлаа” гэхэд ээж нь хүүгээ тоглож байна л гэж боджээ. Цамцыг нь сөхөхөд юу ч харагдаагүй тул “Тоглоод байгаа юм уу, чамайг яалаа гэж буудах вэ дээ” гэжээ. 

Хүүгээ эргүүлж тойруулж харж байхад хүү “Өвөө та намайг яагаад буудаж байгаа юм бэ?” гэхэд Грэннон “Би мэдэхгүй ээ, Женни” гэж үглэсээр байсан. Женнигийн ээж, Грэнноны хамгийн бага охин Кэтрин хүүг тэврээд гадаа гарахад нэг зүйл буруу байгааг мэджээ. Хүүгийн гэдсэнд жижиг нүх байсныг ээж нь анзаараагүй аж. 

Женни “Ээж түүнийг тэврээд гарч байхад нүдний хүүхэн хараа нь дагз руугаа эргэчихсэн. Тэгээд толгой нь унахад л мэдээд өвөөдөө “Та буудчихсан байна шүү дээ” гэж орилтол “Мэдэхгүй ээ, мэдэхгүй ээ” л гээд байсан” гэлээ. 

Түргэн дуудсан хойгуур хүүгийн бие нэлээн муудаж “Ээж ээ, би ус уумаар байна” гэжээ. Сум хүүгийн гэдсийг нэвт гарч дотуур цус алдалт явагдан удаагүй амьсгал хураасан. Хүү түргэний тэргэнд “Ээж ээ би ус уумаар байна, ам цангаад байна” гэж сүүлчийн үгээ хэлсэн билээ. 

Шүүхийн шинжилгээний хариу гарахад Грэнноны тавьсан сум энд ойгоогүй, чиглүүлсэн юм шиг шууд л хүүгийн гэдсийг нэвт сүлбэсэн нь илэрхий болов.

Ихэр эгч нь эмнэлэгт ирэхэд аймшигт мэдээг дуулгасан мөчөө Энди мартдаггүй. Одоо Элзи долоо хоногт хоёр удаа сэтгэл зүйн эмчилгээнд явж байгаа ба гүн хямралд орсон. Хамгийн аймшигтай нь тэдний гэр бүл гашуудаж суухад дөрвөн сарын дараа эхнэр, 4 хүүхэдтэйгээ усан онгоцоор аялж, хүмүүст Зул сарын баярын мэнд дэвшүүлсэн ил захидал илгээжээ. Стэнли үүнээс нэг өдрийн өмнө буюу Арванхоёрдугаар сарын 22-нд 7 нас хүрэх байсан юм. 

Түүнчлэн ослоос гурван сарын дараа Грэннон фэйсбүүктээ “Надад дуртай болон дургүй хүмүүст анхаарахад би хэт хөгшиднө. Надад илүү чухал ажил байна. Тиймээс намайг үзэн ядна уу, үгүй юу надад хамаагүй. Та нартай, та наргүй өдөр хоног өнгөрч л байна” гэж бичсэн байсанд Женни маш их гомдсон.