Дэлхий нийтэд тархан суурьшсан Монгол туургатны өв соёл, уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий “Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Сүхбаатарын талбайд  гар урлалын эсгий зээгт наамлаар урласан 108 метр “Монголын нууц товчоо”-г олон түмэнд дэлгэх ёслол боллоо. Энэхү бүтээлд Чингис хааны мэндлэхээс эхлээд насан эцэслэх хүртэлх үйл явдлыг зээглэн ширэх аргаар урласан байна. 

Анх “Хан Хэнтийн гар урчууд” компанийг үүсгэн байгуулагч гэр бүлийн гишүүд болох Д.Нэргүй, Ж.Нарантуяа нар нутагтаа ирсэн гадны жуулчдад нүүр бардам үзүүлчих даацтай бүтээл хийхээр зорьжээ. Зураач мэргэжилтэй Д.Нэргүй түүхчдээс зөвлөгөө аван эсгий ширмэлийнхээ бүх зургийг гаргаж, гэргий Ж.Нарантуяа  нь нутгийнхаа гар урчуудтай нийлэн энэхүү ажлыг эхлүүлж байжээ. Ийм том бүтээлийг хийнэ гэхэд дэмжээгүй хүн ховор гэж зураач Д.Нэргүй хэлсэн. Түүний хувьд энэхүү бүтээлийг урлах гэж монгол орныхоо бүх аймаг, зарим сумд мөн Монгол туургатан Тува, Өвөрмонгол, Халимаг, Буриад, Киргизэд хүртэл очсон байна. Газар газрын 5000 гаруй урчуудын учиг сэтгэл шингэсэн энэхүү бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20 мянган км метр тэмээний утас , 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар оржээ. Зээгт ширмэлийг өнөөдөр Геннисын номонд “Хамгийн урт бүтээл”-ээр бүртгэх байсан ч тус номын комисс хуралдаж гурван ч төрөлд нэмж бүртгэхээр болсон тул хойшлогдсон байна. Энэ үеэр тус төслийн санаачлагч Ж.Нарантуяагаас тус зээгт ширмэлийн талаар тодруулга авсан юм.

Ж.Нарантуяа: Бид мартагдаад байсан зээгт оёдлоо сэргээж чадлаа

-Анх яагаад энэ том төслийг эхлүүлэх болов?

-Гэр бүлийн хүн маань зураач мэргэжилтэй болохоор хоёулаа хамтраад ийм ажлыг эхлүүлье гэж ярилцсан юм. Анх арван метр хүрэхгүй эсгий зээглэж ширэхэд бараг хоёр сар зарцуулж байлаа. Ингээд ажлаа илүү далайцтай хийхийн тулд Хэнтий аймгийнхаа бүх сумын гар урчуудтай хамтран оёж эхэлсэн. Удалгүй бидний тухай мэдээлэл орон даяар цацагдаж хөдөө орон нутгаас өндөр настангууд “Бид ч гэсэн гар бие оролцмоор байна” гэсэн хүсэлт ирүүлсэн юм. Анх Увс аймгийнхан биднийг урьсан. Тэнд очиход биднийг нутгийн гар урчууд  хадаг сүүгээ бариад сайхан угтаж авсан. Түүнээс хойш Монгол орныхоо бүх аймаг сумдад очиж бүтээлээ урласан.

-Энэ том төслийн ард гараад юу бодож байв?

-Тухайн үедээ энэ ажлын ард гарчих юмсан гэж бодож явснаас нээлтээ хийх энэ өдөр ирнэ гэж санасангүй. Өчигдөр орой бүтээлээ дэлгэж зогсохдоо ийм нүсэр бүтээлийн ард гарчихсандаа итгэхгүй нулимс унагасан. Бид энэ бүтээл хийснээрээ Монголчууд нэгдвэл олон зүйлийг хийж чадна гэдэгт итгэсэн. Бас дэлхийд мартагдаад байсан зээгт оёдлыг сэргээсэндээ баяртай байна. 

-Эсгийг зээглэж ширэхэд хэр хугацаа ордог вэ?

-Зээгт ширмэл маш их хөдөлмөр ордог. Хурдан оёдог хүн өдөртөө ганцхан дүрс оёдог.

-Цаашид энэ бүтээлээ хаана байршуулах вэ?

-Энэ бүтээлийг маань Хэнтий нутгийнхан маань дэмжиж долоон га газар өгсөн. Тэнд барьсан гэрт аравч  хэлбэрээр байрлуулна. Геннисийн номонд дүрслэх урлагийн хамгийн урт бүтээл гэрчилгээгээ авчихвал гадна дотны жуулчдын анхаарал татсан бүтээлийн нэг болно гэдэгт итгэж байгаа.  Бас ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр болсон.