Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулахыг шаардсан жагсаал ЗДТГ-ын гадна үргэлжилж байна. Өглөө 10 цагаас эхэлсэн жагсаалд иргэд нэмэгдэж ирсээр байгаа юм. Улаанбаатар хотын засаг дарга С.Батболдыг огцруулах саналд иргэд гарын үсэг зурж байна. Хэрэв 500 мянган иргэн гарын үсэг зурвал Засаг дарга огцрох хүсэлтээ өөрөө өгөх боломжтой хэмээн иргэд шаардаж байлаа. (Өмнөх мэдээллийг дарж үзнэ үү)


Аймаг, нийслэлийн засаг даргыг дараах

үндэслэлээр огцруулах хуулийн заалттай байдаг байна.

32 дугаар зүйл. Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох

32.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

32.2. Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.

32.3. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

32.4. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө.

32.5. Засаг дарга огцрох тухай хүсэлтээ бичгээр гаргаж болно.

32.6. Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

32.7. Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.

32.8. Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй.