Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. 

Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга:

“Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар 2019 онд 20 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барихаар батлагдаж, 16 байршилд газар чөлөөлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн байршилд газар чөлөөлөлт дуусах шатандаа орсон. Нийт 83 сургууль, цэцэрлэгт их засвар хийгдэхээс  55 сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна” гэв.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа 

“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах ажлыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн дагуу хийх тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 км явган хүний зам, дугуйн замтай нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх, ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтож, эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах” үүргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад өглөө.

Түүнчлэн хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зэрэг зохион байгуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад даалгасан юм.