Шадар сайдын тушаалаар батлагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурал, Ханбогд сумын онцгой комиссын хуралд оролцлоо. Мөн Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа, Хишиг буян ХХК-ийн Тайван зогсоол, Нүүрс ачих буулгах төвийн гаалийн хяналтын бүс, Оюутолгой, Эрдэнэс Монгол ХХК, Гашуунсухайтаас Цогтцэцэий хүрэх авто зам дагуух гуанзнуудын үйл ажиллагааны бодит байдалтай танилцав.


Шалгалтаар илэрсэн сул тал

  • Тайван зогсоолд 3000 орчим автомашин зогссон, жолооч нар машиндаа олон хонож, даарч байгаа, машины шатахуун дуусч байгаа талаар ярьж байна. Жолооч нарын төлөөлөлтэй уулзаж, нийт 500 гаруй жолоочоос саналыг нь бичгээр авахад тэдний олонх нь гэртээ буцах шаардлагатай гэсэн байна.
  • Зам дагуух хоол, худалдааны гэрүүдэд халдвар хамгааллын дэглэм огт мөрдөгдөхгүй байна.
  • Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын, ялангуяа мэргэжлийн хяналтын байцаагчдын ажиллах нөхцөл маш хүнд, халдвар хамгааллын дэглэм баримтлах боломж нөхцөл муу байна.
  • Гашуунсухайт боомт Цагаанхад орчимд жолооч нараас сорьц авч байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний хамгаалах хувцас хэрэгсэл дутагдалтай, хүйтэнд 24 цаг гадаа ажиллаж, явуулаар сорьц цуглуулж, маш хүнд нөхцөлд ажиллаж байна.

Газар дээр нь шийдвэрлэсэн асуудлууд:

- УОК-т Тайван зогсоолын бодит байдлыг танилцуулж, УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн ОК-ын дарга, аймгийн Засаг даргын захирамж гаргуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад бүст байгаа Тайван зогсоолд байрлуулсан богины тойргоор нүүр тээвэрлэдэг жолооч нарыг Тайван зогсоолд автомашинтай нь оруулж, тусгаарлах шийдвэрийг хүчингүй болгож, уг зогсоолоос жолооч нарыг гаргах ажлыг зохион байгуулсан.

- ЭМЯ-наас гарсан шийдвэрийн дагуу ЗӨСҮТ, аймгийн ЭМГ, сумдын ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Гашуунсухайт боомт дахь богины тойрогт нүүрс тээвэрлэж байсан жолооч нар КОВИД-19 илрүүлэх полимеразын гинжин урвалын шинжилгээнд бүрэн хамрагдсан тул уг шинжилгээг уртын тээвэрт нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт хийлгэхэд ПОСТ 3 руу сорьц цуглуулах 4 багийг шилжүүлсэн. Ингэснээр 12 дугаар сарын 06-нд уртын тээврийн 400 жолоочоос, 07-нд 430 гаруй жолоочоос хамар залгиурын сорьц авч, явуулын PCR шинжилгээнд хамруулснаар одоогоор 601 хүний хариу сөрөг гараад байна.

- Уул уурхай олборлолт эрхэлдэг аж ахуй нэгжийн ээлжийн ажилтнуудыг Өмнөговь аймгаас харьяа аймаг дүүрэгт буцаахдаа тандалтын асуумж, мөн КОВИД-19 илрүүлэх шинжилгээний сөрөг гарсан хариунд үндэслэн буцаах ажлыг Аймгийн онцгой комисс, Ханбогд сумын ОК, аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж эхэллээ.

- Уул уурхай олборлолт эрхэлдэг аж ахуй нэгжийн ээлжийн ажилтнуудыг Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг чиглэлд зорчиход нэгдсэн зохион байгуулалттайгаар PСR шинжилгээ хийлгэхийг Эрдэнэс тавантолгой ХХК болон туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад мэдээлэл өгч, ЭМЯ-наас бэлтгэсэн 4 цэгт шинжилгээг ЭМХТөв хариуцан зохион байгуулж эхэлсэн.

- Өмнөговь аймгийн БОЭТ, ЭМГ, Хатан заяат говь хувийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, КОВИД-19 цар тахлын үеийн төлөвлөгөөтэй танилцаж, зөвлөмж, үүрэг өглөө.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам