Дархан-Уул аймагт гэрийнхээ гадаа тоглож байсан 5 настай Э гэх охиныг 37 настай Б гэгч эмэгтэй хулгайлан автобусаар Улаанбаатарт авчирсан хэрэг гарсан. 

Тэгвэл өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр охиныг хулгайлсан тус эмэгтэйг нэг сарын хугацаагаар хорих шийдвэрийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргажээ. 

Эмэгтэйг тус аймгийн цагдан хорих байранд хорих аж.

Таван настай Э гэх охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон тухай мэдээлэл Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт энэ сарын 19-ний өдрийн 20:30 цагт ирснээр эрэн сурвалжилах ажиллагааг эхлүүлсэн. Ингэснээр энэ сарын 21-ний өдөр тус Б гэгч эмэгтэй Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт охиныг авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан юм.