Азгүй гэж бодох тэр хэцүү өдрүүдийн дараа, хичээл зүтгэлийн үрээр аз жаргал дагуулсан өдрүүд өөрөө ирдэг. Өнөөдөр учирч байгаа саад бэрхшээлүүд таныг хүсэж тэмүүлсэн бүхэнд чинь хүргэнэ. Хэрэв хэн нэгэн хүн чи чадахгүй гэж танд хэлвэл замын дундаас бүү буцаарай, няцаарай. Харин болж бүтэхгүйг тунхагладаг тэр хүнээс зайгаа барьчих, түүнд чаддаг гэдгээ батлах гэж зүтгэж, шаналах, маргах хэрэггүй. Цагийн гарз. Үйлдлээрээ хийж байгаа зүйлээ харуулчих” хэмээн Ж.Цэцэгсүрэн өөртөө итгэл дүүрэн харцаар инээмсэглэн ярилаа. Хүн хүсэл мөрөөдөлтэй л бол, хичээж зүтгэж чадвал боломж гэдэг алс холын биш аяндаа хүрээд ирдэг бэлэг юм гэдгийг түүний туулсан бүхэн батална. 

Анхны хүүхдээ алдсан гунигт өдрүүд,  зах зээлийн шуурганд ажлаасаа халагдсан, ганзага үүрч наймаа хийж, хөхүүл хүүхдээ тэврэнгээ ажил хайсан хүнд өдрүүд түүнд бий. Гэвч тэрээр “Хэзээ ч дээд тоо сурч чадахгүй нь та” гэж хэлсэн багшийн урам хугалсан үгс, одоо сурахад оройтсон гэх хүмүүсийн зөвлөгөөг үл тоон бие даан англи хэл судалж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэсээр 42-тойдоо Колумбын их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж чадсан юм. 

Монгол улсын Цалин хөлсний улсын хороо, Төв банк, Вашингтон дахь Олон улсын валютын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Америк, Германы байгууллагад удирдах ажил хийж явсан ярилцлагын маань баатар Ж.Цэцэгсүрэн одоо ч өөрийгөө хөгжүүлж бусдад түүхээ, алдаа оноогоо харамгүй хуваалцаж хувь хүний дасгалжуулагчаар ажиллаж байна.


ЭДИЙН ЗАСАГЧААС ГАНЗАГЫН НАЙМААЧИН ХҮРТЭЛХ ЗАМ

Итгэж дагаж явсан нийгэм нь солигдож, эзэмшиж сурсан ажил мэргэжил нь хэрэггүй болж ажлаасаа халагдахад тухайн цаг үеийнхнийхээ нэгэн адил Ж.Цэцэгсүрэн ганзагын наймаанд хүч үзжээ. Оросод сурсны ачаар хэлтэй тул газардсангүй, бараагаа хамгийн түрүүнд зарчихна, лангуутай ч болж халаасаа ч боломжийн түнтийлгээд авчээ. Лангууны ард суусан бодол, эргэцүүлэл дүүрэн тэр өдрүүдээс олж авсан хамгийн үнэтэй сургааль бол мөнгөний үнэ цэн. Бас бусадтай хамтрах чадвартай болж, зоригтой, тэвчээртэй, тууштай чанарт суралцаж, наймаа арилжаа гэдэг өөрийнх нь хийх ажил биш гэдгийг ойлгож авав. 

Хоёр дахь охиноо төрүүлсний дараа мэргэжлээрээ ажил хайж арилжааны банкуудад анкетаа өгч үзжээ. Заримдаа 7 сартай хүүхдээ хүнд харуулна, харах хүнгүйдвэл хүүхдээ тэврээд нөгөө гартаа угжийг нь торонд хийгээд л ярилцлагад орох ч үе таарна. Ханьтайгаа хамтдаа зүтгэсэн ч хичээхээс аргагүй тэр өдрүүдэд монголчууд нийтээрээ барьц алдсан юм. 

Хандсан банкууд түүнийг туршлагагүй эсвэл, банкны эдийн засагч биш гэдэг шалтгаанаар ажилд авсангүй. Гэхдээ өөдрөг үзлийнхээ ачаар татгалзах хариунд шантарсан удаагүй. Харин ч тэр тусмаа зориг орж, өөрт нь шинэ боломж олдох юм шиг мэдрэмжээ дагаж явахад таньдаг хүн таарч Монгол банк шинээр ажилтан авч байгаа тухай түүнд дуулгажээ. Ингээд тэнцсэн хариу авч ажилдаа орсон ч учрах саад бэрхшээл урдаас нь тосож байгаа гэдгийг тэр мэдсэнгүй. Компьютер дээр ажиллаж сураагүй тэрээр тал хуудас хүрэхгүй шахам материалыг 2 өдөр бичсэн удаатай. Өнөө л гүргэр зангийн хүчээр амьдрахын тулд энэ бүхнийг давах ёстой гэсэн итгэлээр хичээсээр хэрэглээний программыг гартаа оруулж чаджээ. Амьдралд учир ерөөлгүй зүйл байдаггүй билээ.

Ажилдаа түүртэвч аавынхаа ажиллаж байсан өрөөнд хуваарилагдсан нь бэлэг юм шиг, бүх зүйл цаанаасаа л зөв гольдролдоо орсон юм шиг дулаахан өөдрөг мэдрэмж төрүүлнэ. Банканд орох шийдвэр түүний амьдралдаа гаргасан хамгийн онцгой бас чухал шийдвэр байсан гэж тэр итгэлтэй хэлсэн.


АРНОЛЬД ШВАРЦЕНЕГГЕРЭЭС АВСАН УРАМ ЗОРИГ

Хийж үзээгүй байхад бүх зүйл амархан санагддаг. Боломжийн хэлтэй, ажил  мэргэжилдээ гаршиж яваа гэж бодож явсан ч энэ бүхэн эндүүрэл гэдгийг ойлгох боломжийг амьдрал түүнд олгожээ. Хөгжсөн оронд хөл тавьж үзээгүй түүнийг соёлын шоконд оруулсан зүйл бол Сингапур дахь албан томилолт байв. Соёл, амьдралын хэв маяг, яг ижилхэн мэргэжилтэнгүүдийн мэдлэг боловсрол, хэлний түвшин түүнийг өөрийгөө голж мэдлэг боловсролоо дахин эргэцүүлэхэд хүрчээ. Цээж дүүрэн өөрийгөө голох сэтгэл, хугарсан урам тээсээр гэртээ ирэв. Авууштай нь яг бодит нөхцөл байдлаа олж харан англи хэл сурах хүсэл сэдэл “Өөртөө урам зориг өгөх 110 арга зам” ном байв. 

Сингапурын даруухан номын дэлгүүрээс олзуурхан харсан уг номын зохиогч нь сэтгүүлч Стив Чандлер.Уг зохиолч залуухан сэтгүүлч байхдаа редакцаасаа “Stay Hungry” гэх киноны жүжигчин, бодибилдингийн тамирчнаас ярилцлага авах даалгавар авч л дээ. Сэтгүүлч “Та бодибилдингийн спортоо орхиод цаашид юу хийх гэж байна? ” гэж асуухад өнөөх залуу эр тайвуухан хоолойгоор “Би орлогоороо манлайлах Холливудын нэг номерын жүжигчин болно” гэжээ.

Үнэндээ сэтгүүлч гайхсан, үл итгэсэн харцаа ярилцагчдаа харуулахгүйн тулд цааш хэрхэн од болох талаар нь лавлан асуухад эв хавгүй аварга биет эр хатуу аялгаар “Энэ бол бодибилдингт хэрэглэдэг адил үйл явц. Чи хэн болохыг хүсч байна тэр хүнээ санаандаа төсөөлөн бод, тэгээд тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө өөрийгөө бүтээ” гэж хариулжээ. Хожмоо бараг 20-иод жилийн дараа тэрхүү залуу буюу Арнольд Шварценеггер "Терминатор" дүрээр 40 гарсан хойноо холливудад ирсэн байдаг. 

Энэ түүхийг уншиж байхдаа тэрээр өөрөөсөө “Би хэн болохыг хүсэж байгаа билээ” гэж анх удаа асуужээ. 


ХЭЛЭЭ ШАМДАН СУРЧ ЭХЭЛСЭН НЬ

Ингээд л хариултаа олж ажлаа тарж ирээд хүүхдүүдээ унтуулчихаад англи хэлийг эрчимтэйгээр сурч эхлэв. Тэрбээр энэ тухайгаа “Үнэндээ англи хэлний курсэд суух хангалттай мөнгө байгаагүй. Гэртээ байгаа орос хэл дээрх сурах бичгийг судлахын тулд ширээний чийдэнгээ асаагаад шөнө дөл хүртэл хэлээ судалдаг сан. Магнитофондоо кассетээ хийж яриа хичээлээ үзнэ. 

Заах арга зүйгүй учраас маш удаан бие даан сурсан. Хуулан бичих арга тун үр дүнтэй санагдсан, бичиж байхдаа англи хэлний өгүүлбэрийн бүтцийг ойлгодог юм билээ. Сүүлдээ үнэгүй арга болох BBC радио сонсож чихнийхээ бөглөөсийг гаргах гэж үзсэн. Ерөнхийдөө эмх цэгцгүйхэн сурч байгаагаа мэдэж байгаа учраас мөнгөө цуглуулж сарын сургалтад суулаа. 

Хэлээ шамдан сурч байхдаа урам зориг авч гадаадад магистрын зэрэг хамгаалахаар шийдэж ILTS-ийн шалгалт өгсөн ч тааруу оноо авсан. Сайн тал нь би сонсох ярих хоёрт тааруу гэдгээ мэдэж авав. Дахин 100 долларын шалгалт өгч хий дэмий мөнгөө үрэхгүйн тулд 6 сар хичээсээр 6,5 буюу гадаадад их дээд сургуульд суралцах эхний шалгуурыг хангасан” хэмээн ярив. 

Энэ бол урт хугацааны уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн байлаа. 


ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТЭМҮҮЛСЭН ХҮСЭЛ БҮХЭН БИЕЛДЭГ

Нэгэнт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн тэрбээр тэр жилдээ төрийн албан хаагчийн журмаар Японы Иокахамагийн их сургууль руу материалаа илгээжээ. Тухайн үед тус сургуулиас төлөөлөгч нар нь ирж шалгалт авахад тэнцсэн байна. Гэвч шалгалтын комиссын гишүүн өөрт нь нэг л болохгүй зүйл байгааг нахилзан учирлав. 38-аас дээш настай хүнийг магистрын тэтгэлэгтэй ангид авдаггүй журамтайг япон хүн соёлтой гэгч хэлжээ. 

Хамаг итгэл найдвар нурсан ч энэ бүхэн дуусчихаагүйг тэр мэдэж байв. Энэ тухайгаа Ж.Цэцэгсүрэн “Япон явахыг хүссэн ч бүтэхгүй гэдгээ мэдээд Америкт суралцахаар шийдлээ. Тэнд насны хязгаар 45 гэдгийг хүнээс сонссон. Ингээд Америкийн их сургуулиудад apply хийхээр материалаа бэлдсэн. Сурах тухайгаа эргэн тойрныхондоо хэлэхэд 99 хувь нь чи хөгширсөн, одоо ч боломжгүй дээ, хийдэг ажил чинь болоод л байхад...гэлээ. Заримдаа нээрээ ч тийм юм уу гээд хийж байсан зүйлээ орхих үе гарч л байсан. Гэхдээ л нөгөө дотроос хатгасан хүсэл мөрөөдөл минь зүгээр суулгаагүй. Дэлхийн банкны тэтгэлэгтэйгээр нь Колумбын их сургуульд магистрын ангид apply хийсэн. 40 хүрчихсэн учраас тэгтлээ найдсангүй. Бараг 6 сар хүлээлгэсний эцэст та манай сургуулийн шалгуурыг давчихлаа, санхүүжилтын асуудлаа яаж шийдэх вэ, манай сургуулийн жилийн төлбөр 90 мянган доллар гэсэн хариу ирдэг байгаа. 

Толгой эргэм их дүн сонссон би хувиасаа төлөх боломжгүй гэдгээ учирлахад тэтгэлэг авахын тулд Дэлхийн банк руу хандаж үзээрэй гэв. Ингээд дараа жил нь хамаг материалаа сайжруулаад дараа жил нь илгээсэн” гэсэн юм.

Хэзээ ч очиж үзээгүй Америк орон түүний сэтгэлийг нь соронздон татаж байлаа. Яагаад ч юм Колумбын их сургуулийн зургийг хэвлэж аваад гэрийнхээ хананд, ажлынхаа компьютерын процессор дээр наачихаж. Өглөө өдөртөө заавал харна. Колумбын их сургуулийн өмнөх буйлс цэцэглэсэн талбайн урдуур үүргэвч үүрэн цааш алхаж яваа бүсгүйг өөрийгөө гэж төсөөлдөг байж.

42 насны төрсөн өдрийн өглөө. 3 дугаар сарын жирийн л нэгэн өдөр. Өглөө ажилдаа ирэхэд хамт олон нь төрсөн өдрийн мэнд хүргэх зуур өнөөх зургаа харангаа мэйлээ шалгав. Түүнд Дэлхийн банк Монгол улсад 2 жилд ганцхан удаа олгодог ховорхон тэтгэлэгт тэнцсэн тухай бас баяр хүргэсэн зурвас ирсэн байв, хараад өөртөө итгэж чадсангүй.

34 настайгаасаа англи хэлж сурч амьдралын олон даваа нугачааг туулан 42 насандаа зорилгодоо хүрсэн тэр өдөр түүний амьдралыг өөрчилжээ. Нэгэнт л оройтсон учраас амьдралынхаа бүх боломжийг ашиглах гэж зүтгэсэн, “Амжиж амьдар” зорилгын төлөө хичээсэн шантаршгүй өдрүүдийн шагнал тэр хэдхэн үгтэй ч үнэ цэнтэй зурвас байв.

Ж.Цэцэгсүрэн эндээс хүн өөртөө л болохгүй бүтэхгүй гэж хязгаар тавихгүйгээр боломжийн төлөө тэмүүлэх ёстойг, тэгсэн цагт аз өөрөө ирдгийг ойлгожээ. 



Колумбын их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах урилга гардсан ч адал явдал дууссангүй. Нэгэнт эдийн засгийн чиглэлээр сурах учраас дээд тоогоо сэргээхээр ШУТИС-ийн докторант багшийн сургалтад суужээ. 20 жил үзээгүй дээд тоогор эргэж харах хүндхэн даваа байлгүй яахав. Нэлээн хэдэн хичээлийн дараа багш нь түүнд “Уучлаарай, та үнэхээр сурахгүй хүн юм байна” гэж палхийтэл хэлэх нь тэр. Ийнхүү багш хүнээс урам хугарсан үгс сонссон тэрээр төд удалгүй дээд тоо хэмээх айдастайгаа Америкийг зорив. 

Колумбын их сургуулийн залуухан профессорт олон жил дээд тоо үзээгүй гэдгээ, багшаар заалгаад ч ойлгоогүй гэдгээ хэлэхэд түүнд хялбархан сурах бичиг зөвлөн давтлага өгчээ. Гэсэн хэдий ч шалгалтаа өгөөд 48 буюу F үнэлгээ авчихаж. Муу дүндээ сэтгэл гонсгор суухад багш нь түүнд “Сүрэн чи нөгөө өнцөгөөс нь хар даа. Чи 100-ын талыг нь хийчихлээ шүү дээ. Энэ бол чиний амжилт. 20 жил дээд тоо үзээгүй хэрнээ энэ зэргийн үзүүлэлт гаргалаа” гэсэн багшийн тэр үг урам зоригийг асаажээ. 3 сарын дараа тооны хичээл дээрээ амжилт үзүүлсэн оюутнуудыг зарласан байна. 

Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Угийн суурь боловсрол сайтай Япон, Хятад оюутнуудын нэрс л сонсогдсон. Гэтэл гэнэтхэн 9 дэх оюутан бол Монголоос ирсэн оюутан Сүрэн гэдэг байгаа. Өөртөө ч итгээгүй. Ангийнхан минь “Чиний нэр дуудаж байна шүү дээ” гэж түлхэхэд л итгэсэн. Багш маань “Би чамайг чадна гэдэгт итгэж байсан, чи чадлаа” гэж хэлэхэд хязгааргүй ихээр баярласан. Хүн хэдэн настай ч хамаагүй өөртөө итгэлтэй, хичээл зүтгэлтэй, тууштай байвал  мөрөөдөлдөө чин сэтгэлээсээ итгэвэл хүсэл  биелдэг юм билээ. Хамгийн гол нь чи чадахгүй гэдэг хүмүүсээс хол байгаарай. Яагаад гэвэл тэд нар өөрсдөө чадаагүй, тэд зорилгын замаасаа буцсан юм. Харин амжилтанд хүрсэн хүн чадна гэж хэлдэг юм билээ. Олон жил чамгүй ажил хийж явахдаа ч анзаарсан зүйл маань энэ. Жинхэнэ манлайлагч хүн л ажилтнуудаа чадна гэсэн урам зоригоор цэнэглэж, дэмжиж чаддаг юм билээ. Тэр хэрээрээ хүн хичээж, хөгжиж цэцэглэдэг” гэлээ. 


ЗОРИЛГОО БҮҮ ХОЙШ ТАВЬ

Колумбын их сургууль танд юу өгсөн бэ гэсэн асуултад тэрбээр “Эрдмийн мэдлэг олж авсан. Түүнээс ч илүү үнэ цэнтэй нь намайг хувь хүний хөгжлийн хувьд нээж өгсөнд, амьдралын харах өнцөгийг минь тэлсэнд, бусдын үлгэр жишээг харж цааш яах ёстойд минь суралцуулсанд талархаад баршгүй. Хийж ирсэн ажил болгон надад шинэ мэдлэг туршлага өгч, чадвар сургасан, олон сайхан хүмүүстэй учруулсан, сайхан биш нь надад гайхамшигтай сургамж өгсөн. Өөртөө байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн зөв ашиглавал дараагийн нөөц боломж гараад ирдэг гэдэгт би итгэлтэй байдаг. Хамгийн гол нь тэр нөөц боломжоо алдахгүй, цаг хугацаанд нь ашиглах нь чухал. Таны зорилго биелэхгүй байгаа бол та ЗОРИЛГОО биш АРГА ЗАМ, ҮЙЛДЛЭЭ эргэж хараарай. Салхи бидний нүүр рүү хүчтэй цохиход бид нүүрээ алгаараа хаан бөхийж, салхинаас нуугддаг эсвэл зогсдог. Та амсхийж болноо гэхдээ босоод амьдралын салхи сөрж явах зоригтой байгаарай” гэсэн юм. 

Хүсэж тэмүүлж явахад амьдрал баян гэдгийг хүүрнэсэн зочин маань ийнхүү ярилцаад зөвлөгөө өгөх хүн рүүгээ яарав. 

"Хүний нас хугацаатай. Залуу нас, ахмад нас хоёрын дунд санасныг бодвол тийм ч их хугацаа үгүй. Амьдрал нэртэй уул өөдөө явахад орой руу хүрэх зам нь урт, хол мэт санагддаг. Хийх зүйлээ хойшлуулдаг, мөнхийн залуу настай байх юм шиг санадаг. Уулын орой руу ойртоод ирэхэд туулсан, үлдсэн зам аль аль нь богино юм шиг санагддаг юм байна. Та замынхаа хаана ч явсан амжихыг хүсч байгаа зүйлээ ОДОО амжуул. Хойш бүү тавь" гэж тэр зөвлөх дуртай....