Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ,

Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг УИХ хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгааг Та бүхэнд мэдэгдье.

Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөн.

Тиймээс шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор үнэлэгдэж хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан, ажил хэрэгч санал, санаачилгыг хүндэтгэсэн, тус тусын эх оронтой мэт авирлахын оронд авах гээхийн ухаан зарж хамгийн оновчтой зөв бодлогыг олоход чиглэсэн, ийм ухамсар, соёл, хандлагад тулгуурласан байдлаар явагдвал зохих байлаа.

Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. 

Цаг бага байгаа учраас ийм жишээг бүгдийг нь дурдах боломж байсангүй. Үүнийг ярихгүй юм уу, шударга ёсыг хуулиараа тогтоохгүй юмуу, шүүхийн хэрэглэдэг хуулиудад шударга ёсоо суулгаж, хууль ёсыг шаардахгүй юм уу гэ жард түмэн Та бүхнээс хүлээж байгаа.

Харамсалтай нь Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна.

Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн биш ард иргэдийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудал гэдгийг би сая хэлсэн. Би энэ зарчмын хүрээнд шүүхийн асуудалд хандаж байгаа, цаашид ч ингэж хандах тул элдвээр мушгин гуйвуулж, улс төржихгүй байхыг Монгол ардын намын бүлгийн гишүүдэд мөн анхааруулъя.

Мөн үүнтэй холбогдуулж нэг зүйлийг бас хэлье. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад оролцохдоо ч, мөн шүүхийн багц хуулийн төслийг боловсруулахдаа ч зөвхөн “шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулах” ганцхан зарчим баримталж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох тодорхой бүрэн эрхүүдээс өөрийн биеэр татгалзаж, энэ чиглэлийн өөрчлөлтийг бүрэн дэмжсэн. Үүнийг энгийн ухамсрын түвшинд хэн бүхэн ойлгоно.

Магадгүй үүгээрээ би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.

Цаашид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд Та бүхэнд зохих шаардлагуудыг тавьж ажиллана" хэмээлээ.