Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр гаргасан.

Шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнийг авчирч буй МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотын "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна.

Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгоно гэж МИАТ мэдээлэв.

Иргэдийг 10 гаруй түргэн тусламжийн тэрэгт суулгаж тусгай цуваагаар авч яван урьдчилсан бэлтгэсэн байранд тусгаарлах юм. Үүнээс өмнө эдгээр иргэдийн халууныг сайтар нягталахаар тусгай багийнхан ажиллаж байна.

Сүүлийн мэдээг эдгээр иргэдийг ХӨСҮТ болон “Энх саран” сувилалд 14 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.