Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо” ТББ, “Монголын Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ-уудтай хамтран өнөөдөр буюу энэ сарын 28-ны 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэлтэй 2300 гаруй ажлын байранд ажил хайж байгаа ажлын туршлагагүй залуучуудыг холбож өгөхөөс гадна салбартаа тэргүүлэгч 20 аж ахуй нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлах юм.

Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир "Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу тус хуулийн хэрэгжилтийг хангахаар төрийн болон төрийн бус байгууллагуудыг уриалахад энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн зорилго оршиж байна. 

Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг нь ажлын туршлагагүй залуучууд  болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж байгаагаараа онцлог" гэдгийг хэллээ.

“Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл дээр тулгуурлан зохион байгуулж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх аж.