Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тариалжээ.

Тариалангийн ихэнх бүс нутгаар 40-50 хоног хур тунадас огт ороогүй, 10 орчим хоног 32-41 хэм хүртэл халсан нь ургац алдахад хүргэсэн байна.  Мөн наймдугаар сард үргэлжлэн орсон их хэмжээний бороо ч ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлжээ. Үүнээс болж 133 мянган га, үүнээс улаан буудайн 107 мянган га талбайгаас ургац авах боломжгүй болсон байна.

Салбарын сайдын танилцуулгаас үзвэл манай улс энэ жил 223 мянган тонн үр тариа, үүнээс 216.2 мянган тонн улаанбуудай, 113.9 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч, гурилын үйлдвэрүүдэд 120 мянган тонн буудай нийлүүлжээ.