22 настай Бразил эмэгтэй дундын багаж ашиглан маникюр хийлгэсний дараа ХДХВ-ийн халдвартай болох нь тогтоогдсон хэмээн New York Daily News сонин мэдээлжээ.

Өнгөрсөн онд ДОХ-ын судалгаа, хүний ретровирус сэтгүүлд анх гарсан энэ хэргийг эмч нар "вирусын халдвар дамжих шинэ хэлбэр" хэмээн онцолсон байна.

Бэлгийн харилцаанд бэлгэвчгүй орох, халдвартай зүү хэрэглэх зэрэг түгээмэл хүчин зүйлс тус бүсгүйд тохиолдоогүй аж. Эмнэлгийн мэргэжилтнүүд дэлгэрэнгүй шинжилгээгээр “маникюрын хэрэгслийг олон жилийн өмнө ХДХВ-ийн халдвартай болох нь тогтоогдсон үеэлтэйгээ хуваалцсан” болохыг илрүүлжээ. Цусны шинжилгээгээр эмэгтэй тус халдварыг 10 жилийн өмнө халдварлаж авсан тухай дүгнэлт гарсан байна. Уг нийтлэлд мэдээлснээр “хоёр өвчтөний генетикийн шинжилгээг лавшруулж үзэхэд вирус нь нэг гарал үүсэлтэйг тогтоосон  ба ХДХВ-ийн халдвар маникюрын хэрэгслээр дамжин халдсан болохыг харуулжээ.”

Гэхдээ бүү ай!

АНУ-ын Лос Аламос дахь үндэсний лабораторийн ХДХВ-ийн халдварын мэдээллийн сангийн доктор Брайан Фолигийн хэлснээр ХДХВ-ийн халдвартай хүмүүстэй холбоо тогтоохоос айх хэрэггүй, учир нь халдвар авах эрсдэл маш бага гэжээ. Тэрээр хэлэхдээ “ХДХВ нь хоол хүнс хуваалцах, нэг аяганаас ус уух гэх мэт ердийн байдлаар дамждаггүй. Маникурын хэрэгсэлээр дамжин халдвар авсан тохиолдол нь маш ховор тохиолдол тул халдвартай хүнтэй холбоо тогтоохоос айх хэрэггүй" гэдгийг онцолсон байна.

Гэхдээ тэдэнтэй цус агуулсан ямар нэг зүйлийг хуваалцахаас болгоомжлох хэрэгтэй. Энэ нь цус, цустай холбоо бүхий аливаа хэрэгсэл тэр дундаа шивээс, зүүн эмчилгээ, зүү тавих зэрэгт гепатит С (HCV), ХДХВ-ын вирусын халдвар тархах болзошгүй гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дээрх тохиолдол нь ховорт тооцогдох боловч, хувийн арчилгааны хэрэгслийг ашиглахдаа болгоомжтой хандах нь ухаалаг алхам бөгөөд сайтар цэвэрлэж, ариутгасан эсэхийг шалгах нь илүүдэхгүй гэдгийг сануулжээ.


Эх сурвалж: https://ph.theasianparent.com/