Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал яг одоо буюу 21.00 цагийн байдлаар үргэлжилж байна.

Тус шүүх хурал энэ сарын 12-ны өдрийн 09.00 цагаас эхэлсэн бөгөөд улмаар гурав дахь өдрөө хаалтай үргэлжилж буй юм.

Яг одоо шүүхийн байрны гадна тал талын байр суурийг илэрхийлсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан, шүүх хуралд оролцогчдын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг хүлээн цугласан байна.

Шүүх хурал ямар шатандаа явж буй болон өнөөдөр шийдвэр гарах эсэх нь тодорхойгүй байна. 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас өнөөдөр мэдээлснээр тус шүүх хурал улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3,  хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7,  Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/,  хамгаалалтын цагдаа /6/ нийт  49 хүн оролцож буй аж.

Мөн "Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох  эрүүгийн хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар  зүйлийн 16.1.2-т заасан “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэй прокуророос ирүүлсэн бөгөөд “МАШ НУУЦ”-ын зэрэглэлд хамаарагдах мэдээлэл 20 жилийн хугацаагаар  нууцлагдана" гэдгийг мөн онцлоод буй юм.

Шүүхийн шийдвэр өнөөдөртөө гарахгүй бол 22.00 цагаас завсарлах хуультай.