ВАШИНГТОН. /Time/. Энэ онд дэлхий дахинд тулгарах магадлалтай томоохон эрсдлүүдийг Америкийн “Eurasia Group” улс төрийн эрсдлийн судалгаа, зөвлөгөөний фирм даваа гарагт танилцуулсан байна.

“2020 оны топ эрсдлүүд” /Top Risks for 2020/ тайланд дурдсанаар, дэлхий дахинд үүссэн хямрал энэ онд сөрөг тал руу хэлбийж болзошгүй аж. Үүнд БНХАУ, АНУ-ын маргаан, хөгжингүй орнуудын туйлшрал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэрэг багтжээ.

Мөн АНУ-ын улс төрд болох үйл явдлуудаас ирэх 11 дүгээр сард явагдах ерөнхийлөгчийн сонгуулийг нэрлэжээ. Түүнчлэн Америк, Хятадын технологийн салбарын салан тусгаарлагдах үйл явцыг онцолсон бөгөөд энэ нь зөвхөн дэлхийн технологийн салбарт төдийгүй аж үйлдвэр хөгжсөн орнуудад нөлөөлнө гэдгийг тэмдэглэсэн байна. 

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тушаалаар Ираны Зэвсэгт хүчний командлагч Касем Сулейманиг хөнөөсөн нь хоёр орны хурцадмал байдлыг улам даамжруулсныг мөн онцолжээ. 

Eurasia Group”-ийн нэрлэсэн 10 эрсдэлд:

  1. АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ?
  2. АНУ, БНХАУ-ын технологийн салбар салан тусгаарлагдана
  3. АНУ-БНХАУ-ын маргаан
  4. Үндэстэн дамнасан корпорацууд дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудад гар сунгахгүй
  5. Нарендра Моди Энэтхэгийг өөрчилнө
  6. Европын Холбоо гадаад харилцаа, худалдааны бодлогоо өөрчилж магадгүй
  7. Уур амьсгалын өөрчлөлт
  8. Шийтүүдийн эсэргүүцэл
  9. Латин Америкийн жагсаал
  10. Туркийн нөхцөл байдал тус тус багтжээ.

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг