12 болон нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.


12 дугаар сард

Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын хойд хэсгээр 22–30°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 8-14 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байдаг. 

12 дугаар сарын агаарын дундаж температур Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Орхон Сэлэнгийн сав газар, Хэнтий нуруу болон Дорнод Монголын талын ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн баруун, Дорнодын зүүн хэсгээр 4-8мм, бусад нутгаар 0-3 мм цас ордог. 

12 дугаар сарын нийлбэр хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг болон Орхон Сэлэнгийн сав газрын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


Нэгдүгээр сард 


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр 26-32 градус, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутаг, Баян-Өлгийн хойд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 12-18 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг. 

Нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Ховдын өмнөд, Увс, Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 2-4 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог. 

Нэгдүгээр сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


2020 оны 11 дүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын улирлын онцлог 

Урьдчилсан төлөвөөс харахад 11 дүгээр сард Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар, 12 дугаар сард Их нууруудын хотгор, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэнтийн нуруу, Дорнод Монголын тал нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн байх бол нэгдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Хур тунадасны хувьд 11 дүгээр сард Алтай, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар олон жилийн дунджаас ахиу, харин говь талын нутгаар олон жилийн дунджаас бага, 12 дугаар сард Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар олон жилийн дунджаас ахиу байх бол 12 болон нэгдүгээр сард Алтайн өвөр говиор ОЖД-аас бага хур тунадас орох төлөвтэй байна.



Эх сурвалж: ЦУОШГ