Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах гэж байна.

Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж.

Цэргийн албанй тухай хуульд:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг.

Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна.